
Сармис өөртөө олон төрлийн эрдэс бодис агуулдаг төдийгүй зарим төрлийн сөрөг бактерийг устгах чадвартай байдаг. Даралт бууруулах, цус шингэлэх, цусны судасны ханан дахь өөх тосыг цэвэрлэх, цусан дахь холестролыг бууруулах зэрэг олон талын үйлчилгээтэй.
Жор-1 Цагаан гаа, зөгийн бал болон сармисны ханд

Нимбэг болон сармис нь бие махбодийг хорт бодисоос цэвэрлэх үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс зүрх-судасны эрүүл мэнддээ анхаарал тавихыг хүсэж байгаа бол эдгээр хүнсийг түлхүү хэрэглэж байгаарай. Сармисыг байгалийн гаралтай антибиотик хэмээдэг. Үүнээс гадна цусны эргэлтийг идэвхжүүлж “муу” холестерины хэмжээг багасгана. “Муу” холестерин судасны хананд хуримтлагдаж судас нарийсахад нөлөөлдөг байна. Цагаан гаа нь мөн л эрүүл мэндэд олон талын ашиг тустай. Цусны эргэлтийг идэвхжүүлнэ, судасны хана цэвэрлэх үйлчилгээтэй. Цагаан гааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна, эс бөгөөс гаж нөлөө үзүүлж болзошгүй. Өөрөөр хэлбэл өдөрт хэрэглэх цагаан гааны тун нь 3 гр-аас ихгүй байх ёстой юм.
Орц:
- 1 хумс сармис
- 1 стакан ус (200 мл)
- Бага зэрэг үрж жижиглэсэн цагаан гаа – 3 г
- 1 хоолны халбага нимбэгийн шүүс, 15мл
- 1 хоолны халбага зөгийн бал, 25 г
Бэлдэх арга:
Бидний хийх эхний зүйл бол сармисаа жижиглэн хэрчинэ. Дараа нь усаа гал дээр тавиад буцлангуут нь үрж жижиглэсэн цагаан гаа, хэрчсэн сармисаа хийж дахин 20 минут буцалгана. Цаг болохоор галаас саваад дахин 5 минут хандалж орхино. Цааш бусад ханд бэлдэх аргуудтай адил, шүүж аяганд хийгээд зөгийн бал, нимбэгийн шүүсээр амтална. Уг ханд амттай байх тул танд таалагдах нь дамжиггүй. Зүрхний эрүүл мэндийг дэмжихийн тулд өдөрт нэг аягаар уугаарай. Хамгийн гол нь өглөө өлөн дээрээ ууна.
Жор-2 Нимбэг болон сармисны ханд
Хандыг бэлтгэхдээ 300 гр сармисыг хальснаас нь салган цэвэрлээд жижиглэн татаж хэрчинэ.

Ингээд 300 гр сармисанд 500 мл нимбэгний шүүс орохоор тооцож ойролцоогоор 12 нимбэг авч бэлтгээрэй. Миний авсан нимбэг харьцангуй том байсан бололтой 10 ширхэг орсон л доо. Нимбэгнийхээ шүүсийг шахахдээ зориулалтын хэрэгсэл ашиглавал их хялбархан байдаг. Нимбэгээ шахахдаа хальстай нь яг голоор нь хоёр тэнцүү огтолж хуваагаад огтолсон талаар нь нимбэгний шүүс шахагчид тулган дарж аажим эргүүлснээр хаягдал маш багатайтайгаар шүүсийг нь авчихна. Миний нимбэг шахагчийн сав нь 250 мл хэмжээтэй тул хоёр удаа дүүргэхэд болчихож байгаа.

Нимбэгний шүүсээ шилэн саванд (эсвэл шаазан вааран сав) хийгээд дээрээс нь татсан сармисаа хийж хутгана. Савыг битүүлэн таглахгүй орхих бөгөөд тоос шорооноос хамгаалж дээгүүр нь агаар нэвтрэх даавуугаар бүтээж хуурай сэрүүн газарт (гэхдээ хөргөгчинд биш шүү) буюу хэт халуун, хуурай бус тасалгааны температурт 21 хоног байлгана. Нимбэгний шүүсэнд сармис бүрэн шингэж өтгөн зуурмаг болох үед хэрэглэж эхэлнэ. Өдөр бүр нэг цайны халбагаар халуун бүлээн усанд хутган ууж хэрэглэнэ. Нимбэг нь сармисны эвгүй үнэрийг шингээж үгүй болгох тул таны амнаас сармисны хурц үнэр үнэртэхгүй нь өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой.
Энэхүү хандыг би өвлийн турш хэрэглэдэг, элдэв ханиад хүрэхгүйн дээр эрч хүчтэй болох мэт мэдрэмж ч төрдөг. Та ч гэсэн туршаад үзээрэй.
Анхааруулга: Бага насны хүүхдүүд ба жирэмсэн эхчүүд сармисыг их хэмжээгээр хэрэглэх нь тохиромжгүй, мөн бөөрний эмгэг, цөсний чулуу, цус багадалт, ходоод, гэдэсний шархтай, мэс засалд орох гэж буй хүмүүс сармис ихээр хэрэглэхдээ болгоомжтой байх, эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй.