
Сөд өвс ашиглан элэгний үрэвсэл болон бөөрний өвчнийг анагаах ардын уламжлалт аргууд:
Элэгний архаг үрэвсэл, цусан суулга, идээ бээр, шар ус, уушгины өнгөр цусыг хатаах, бөөр савны өвчин, биеийн ном ирэх, ходоод гэдэс умайгаас цус гарах, цөсний гэрийн үрэвсэл, гэдэсний талын бүх өвчинд сайн.
Cөд өвс – Burnet
Монгол оронд эмийн болон тагийн сөд гэж хоёр зүйл ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Ховд, Хангай, Дорнод, Монгол Алтай зэрэг нутгаар тархаж, уулын хээр, ойт хээрийн бүслүүрт ойн нуга, намгархаг нуга, нугархаг хээр, алаг өвст тэгш тал, гол горхи, булаг шандны эрэг дагуу, эргийн сөөгөн ширэнгэ, шинэсэн ой, тэдгээрийн зах, ойн нуга, хусан төгөлд ургана. Том үндэслэг иштэй, олон наст ургамал. Иш нь 20-110 сантиметр өндөр, нүцгэн эсвэл уг орчимдоо үерхэг шаргал үстэй, салааныхаа үзүүрт хурууны өндөгнөөс томгүй ягаан хүрэн, хүрэн ягаан өнгийн цэцэг бүхий товчирхуу толгойтой.
Навч нь том, өдлөг нийлмэл, угтаа шүдэрхэг дагавартай. Навчинцар нь 4-6 хос, 2.5-6 сантиметр урт. Цэцэг нь 7-9 дүгээр сард цэцэглэж үрлэнэ. Цэцэг ба үндсээр нь ходоод гэдэсний өвчинд тустай эм хийдэг. Цусан суулга, шамбарам, ходоод гэдэсний архаг үрэвсэл, тууралт, түлэнхийн шарх зэрэгт тустай. Цус тогтоох, нянг үхүүлэх үйлчилгээтэй. Хөдөө явж байхад гэдэс эвгүйрхвэл өдөрт 3-4 толгой сөдийг сайтар зажлан идэхэд тустай.
Хэрэглэх арга – 1: 8, 9 дүгээр сард иш, цэцгийг түүж хатааж бэлдэж авна. Нүдэж нунтагласан 2-3 цайны халбагыг 250-500 мл буцалсан усанд хийж 8-10 цаг хандлаад өдөрт 50 гр-аар 2 удаа ууна.
Хэрэглэх арга – 2: Мөн халгай боролзгоно, нохойн хошуу, тэхийн шээгтэй адил тэнцүү хольж буцалгаж уухаас гадна цай чанаж ууж болно. Монгол оронд ургадаг эмийн ургамалуудын талаар та тодорхой мэдлэгтэй байх хэрэгтэй юм. Танд эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Амжилт хүсье.