
Үтрээний үрэвсэлт өвчинд үтрээний мөөгөнцөр, үтрээний нянгийн шалтгаант үрэвсэл, трихомоноз орно. Ихэнх эмэгтэйчүүдэд эдгээр өвчний тархалт хамгийн их байдаг.
1. Нянгийн шалтгаант үтрээний үрэвсэл: Ердийн үед үтрээнд 20 гаруй төрлийн нян агуулагдах бөгөөд тэдгээрийн харьцаа алдагдаж, эмгэг нянгууд ялангуяа гарднелла нян ихэснээс болж нянгийн шалтгаант үрэвсэл үүснэ. 18 наснаас дээш эмэгтэйчүүдэд үтрээс ялгадас гардаг гол шалтгаан нь болно. Биений юм үзэгдэхийн өмнө, эсвэл бэлгийн хавьталын дараа үтрээнээс загасны эвгүй үнэртэй, цайвар шаргал шингэн юм гарна.
2. Үтрээний мөөгөнцөр: Эмэгтэйчүүдийн 75% нь мөөгөнцрөөр өвчилдөг, олон удаа сэдэрдэг, 80% candida albicans-аар, үлдсэн 20% нь бусад candida krusei candida tropicalis- гэсэн мөөгөнцөр үүсгэгчээр үүсгэгдэнэ. Мөөгөнцрийн халдвар нь бэлгийн хавьтлаар шууд дамжддаггүй, харин бэлгийн хавьтлын явцад үүссэн жижиг гэмтлээр дамжина. Үтрээний мөөгөнцөр үүсгэх шалтгаан:
- Дархлаа буурах
- ХДХВ-ийн халдвар
- Чихрийн шижин
- Үтрээ угаах
- Жирэмслэлт
- Антибиотик удаан уух
Шинж тэмдэг: Гадна бэлэг эрхтэн, бэлэг эрхтэний амсар орчмоор загатнах, эмзэглэх, хөгц үнэртэй өтгөн цагаан ялгадас гарах нь мөөгөнцрийн сонгодог шинж тэмдэг юм. Зарим тохиолдолд усархаг ялгадас гардаг.
3. Трихомоноз: 4 шилбүүртэй хөдөлгөөнтэй эгэл биетэнээр үүсгэгдсэн бэлгийн замаар дамждаг халдварт өвчин. Эмэгтэйчүүдэд бэлгийн уруул, үтрээний үрэвсэл үүснэ, эвгүй үнэртэй, шар ногоон өнгөтэй ялгадас гарна. Эмчилгээ нь хосуудыг хамтад эмчилнэ. Ийм шинж тэмдэг илэрсэн тохиолдолд та заавал эмчид хандаж эмчилгээ хийлгээрэй.