Одооноос хоолой өвдөхөд эм уух шаардлагагүй. Учир нь та эдгээр байгалийн гаралтай шалгарсан 10 аргаас сонгож асуудлаа шийдээрэй

Хоолой өвдөхөд хүргэдэг маш олон шалтгаанууд бий. Бид энэ удаад хоолой дөнгөж өвдөж эхэлсэн үед эмгүй эмчлэх боломжуудын талаарх мэдээллийг хүргэж байна. Хэрэв дараах аргуудыг хэрэглээд үр дүнд хүрэхгүй бол эмчид хандаарай.

1. Зөгийн бал

Зөгийн балыг цайнд хольж эсвэл усанд хутгаж уух нь хоолой өвдөлтийг намдаахад ашигладаг эмчилгээний түгээмэл арга юм. Судалгаагаар зөгийн бал нь хоолойн өвдөлт, ханиалга, тэр байтугай шархыг эдгээхэд үр дүнтэй байдаг нь батлагджээ.

2. Давстай ус ашиглах

Давстай бүлээн усаар хоолойгоо зайлснаар өвдөлт намдах болно. Учир нь давстай ус  хоолойд байгаа бактерийг устгахад тусалдаг байна. Нэг аяга усанд хагас цайны халбага давс хийж уусмал бэлдээрэй. Уусмалаар гурван цаг тутамд хоолойг зайлах хэрэгтэй.

3. Алтан товч цэцгийн цай уух

Алтан товч цэцэг бол байгалийн гаралтай тайвшруулагч юм. Үүнийг олон жилийн туршид эмчилгээний зорилгоор ашигласаар иржээ. Түүнд агуулагдах антиоксидант нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Зарим судалгаанд алтан товч цэцгийн цай нь амьсгалын замын өвчлөл, ханиадыг намдаахад тусалдаг хэмээн дурджээ. Энэ нь мөн дархлааны системийг бэхжүүлж, хоолойн ангиныг үүсгээд буй халдварын эсрэг тэмцдэг байна.

4. Гаа

Гаа нь хоолойн өвчнийг намдаах үйлчилгээтэй. Учир нь энэ нь цэрийг ховхолж, ханиалгыг намдаадаг. Гаа нь үрэвсэл, бактерийн эсрэг үйлчилгээтэй тул хоолойг өвдөлтийг намдааж, эдгэрэлтийг түргэсгэдэг. Та гаа агуулсан тос, үрэл, цай зэргийг хэрэглэж болно.

5. Содтой усаар амаа зайлах

Давстай усны адил содтой ус ч бас хоолойн өвдөлтийг намдаах үйлчилгээ үзүүлнэ. Гэхдээ давс, сода хоёрыг хамтатган хийсэн уусмалаар амаа зайлах илүү үр дүн үзүүлдэг ажээ. Уг уусмал нь бактери устаж, мөөгөнцөр үржихээс сэргийлдэг байна.

Хавдар судлалын үндэсний хүрээлэнгийн /АНУ/ зөвлөмжид нэг аяга бүлээн усанд, 1/4 цайны халбага сода, 1/8 цайны халбага давсыг хийж, уусмал бэлдээд, гурван цаг тутамд хоолойгоо зайлаарай гэсэн байна.

6. Грек чирэг

Грек чирэг хэмээх Энэтхэгээс гаралтай хүнс нь эрүүл мэндэд маш сайн нөлөөтэй. Түүнчлэн энэ нь хоолойн өвдөлтийг анагаахад тусалдаг байна. Та грек чирэг агуулсан цайг сонгож уугаарай. Судалгаанд дурдсанаар энэ нь хоолойн өвдөлт үүсгээд буй бактери, мөн мөөгөнцөр зэргийг устгадаг гэжээ.

7. Чихэр өвсний үндэс

Чихэр өвсний үндсийг эрт дээр үеэс хоолойн өвчнийг эдгээхийн тулд хэрэглэсээр иржээ. Сүүлийн үеийн судалгаагаар үүний нунтгийг устай холиод, хоолойгоо зайлах нь өвдөлтийг анагаахад үр дүнгээ үзүүлж байгааг тогтоожээ. Гэхдээ жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд энэ эмчилгээнээс зайлсхийх хэрэгтэйг анхааруулсан байна.

8. Алимны цуу

Алимны цуу (ACV) нь нян, бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг нь олон судалгаагаар нотлогдсон. Энэ нь хүчиллэг шинж чанартай тул хоолой дахь цэрийг ховхолж, бактерийн тархалтыг зогсоодог ажээ.

Хэрэв таны хоолой өвдөж байвал 1-2 хоолны халбага ACV-ийг нэг аяга усанд шингэлээд, хоолойгоо зайлаарай. Уусмалаар цагт нэгээс хоёр удаа давтан зайлах бөгөөд энэ хооронд усыг маш сайн уух хэрэгтэй. Хэрэв та үүнээс харшилтай, эсвэл өөр эмчилгээ хийлгэж байгаа бол эмчээсээ асуухыг анхааруулж байна.

9. Сармис

Сармис нь бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд халдвартай тэмцэх чадвараараа алдаршсан органосульферийн нэгдэл болох аллицин агуулдаг. Судалгаагаар сармис нь ханиадны вирусээс урьдчилан сэргийлдэг болохыг тогтоожээ. Хоолойн өвчнийг анагаахын тулд та нэг хумс сармисыг идээрэй.

10. Халуун чинжүү эсвэл халуун ногоотой соус

Халуун чинжүү нь өвдөлт намдаах капсайцин агуулдаг. Үүнийг зөгийн балтай хамт бүлээн усанд хийж, уусмал бэлдээд амаа зайлж болно. Хэрэв танд халуун чинжүү хэтэрхий хурцдах юм шиг санагдаж байвал оронд нь багахан халуун ногоотой соус ашиглаарай. Гэхдээ та үүнд харшилтай, хэрэглэж болохгүй шалтгаантай бол өөр аргыг сонгон уу.