
ХИЙМОРИЙН ДАРЦАГ Буддын гүн ухаанд хүний сүнсийг хөдөлгөж байдаг 10 төрлийн хий оршдог гэж үздэг. Тэдгээр нь та бидний үзэж харах, санаж, сэрэх, идэж уух, уусан идсэнээ боловсруулах зэрэг бүх л зүйлийг зохицуулж байдаг нэг ёсны хөдөлгөгч хүч гэнэ.
Энэ хийний хүчээр хүмүүс амьдралаа тэтгэж, сүнсний хөдөлгөөнөө зохицуулдаг аж. Ийм ч учраас сүнсний хөлөглөдөг хийг морь лугаа адилтгаж хийморь хэмээдэг аж. Хийморь муудахаар сүнсний чадал муудаж аливааг санаж сэтгэх нь мууддаг гэж үздэг учраас хийморио сэргээдэг байна.
Хийморь сүлд босоо, уруугаа, хэвтээ, гэдэргээ гэж дөрөв байдаг. Сүлд гэдэг тухайн хүний бие махбодид оршиж гүйдгээс гадна зарим тохиолдолд гадагшилдаг зүйл гэж анагаах ухааны сударт тэмдэглэгджээ.
Сүлд нь гадагшилснаас тухайн хүний хийморь доройтдог учраас хийморь лундаагаа засахаар хийморийн дарцаг хийсгэдэг байна.Хийморийн дарцагийг гахай хонь туулай, бар морь нохой, хулгана луу бич, тахиа үхэр могой гэж ивээл жилүүдээр нь ангилсан байдаг.
Тиймээс сар шинийн энэ өдрүүдэд хийморийн дарцаг хийсгэвэл бүтэн жилийн турш хийсч хүмүүний хийморь лундааг өргөж байдаг ажээ.БУСДАД ТУСЛАХУЙ АНАГААХ УХААНЫ МАНБА ДАЦАН ХИЙД