Өргөст хэмхийг гэрийн нөхцөлд амттай, сайхан дарж нөөшлөх арга

Энэ удаа бид эзэгтэй нартаа зориулж хамгийн түгээмэл хэрэглэгддэг өргөст хэмхийг гэрийн нөхцөлд хэрхэн амттай, сайхан дарж нөөшлөх аргыг хүргэж байна.

Орц:

  • -Өргөст хэмх – 2 кг
  • -Ус – 2 л
  • -Сахар – 60 гр
  • -Давс – 60 гр
  • -Уксус – 70% – ын 20 гр

Нэг шилэнд:

  • -Сонгино – 1 цагираг
  • -Сармис – 1 хумс
  • -Гоньд – 3 гр
  • -Хар үрлэн перец – 3 ш
  • -Лаврын навч – 1 ш байхаар тооцоолно.

Хийх арга:

1.Өргөст хэмхээ задгай талбайд ургасан, жигд ногоон өнгөтэй, хатуу биетэй 8 -12 см урттай 4–6 см өргөн хэмжээтэйг сонговол зохимжтой.

2.Өргөст хэмхээ хүйтэн усанд 3- 6 цаг дэвтээнэ.

3.Ишийг нь тайрч авна.

4.Зөөлөн үстэй сойзоор ишний хэсэг болон их биеийг нь угаана.

5.Шил, таглааг жигнүүр дээр 5 минут ариутгана.

6.Орох амтлагч тус бүрийг хэрчиж бэлтгэнэ.

7.Шилэндээ орцын дагуу амтлагчаа хийнэ.

8.Амтлагчтай шилэнд өргөст хэмхээ дүүртэл савлана.

9.Ус буцалгагчинд усаа хийнэ

10.Уусмалаа орцын дагуу найруулна.

11.Уусмалаа шилний амсраас 1см хүртэлх зайтай хэмжээнд дүүргэнэ.

12.Таглаагаа гараар таглана.

13.Өргөст хэмхээ жигнүүр дээр тавьж, 20 минут ариутгана. 0.7л шилтэйг нь 15 минут, 1л шилтэйг 20 минут жигнэж ариутгана.

14.Ариутгалын дараа гаргаад суларсан таглааг гүйцээж чангална.

15.Доош харуулж хөргөөнө.

Нэмэлт амтлагч:

-Хэрэв та халуун ногоотойг идэх сонирхолтой бол халуун чинжүүг хэрчээд хийж болно.

-Лооль, амтат чинжүү гээд өөрийн сонирхолдоо нийцүүлэн баяжуулан хийж болно.

Өргөст хэмхний ашиг тус

Өдрийн турш хангалттай ус ууж амжаагүй бол өргөст хэмх ид. Өргөст хэмхний 90 хувь нь ус учраас таны алдсан усыг нөхөж, биеийг тань чийгшүүлж чадна.

Хүний өдөрт авах ёстой витаминуудын бараг дийлэнх нь өргөст хэмхэнд агуулагдаж байдаг. А, В, С витамин агуулдаг учир өдөр тутамдаа хэрэглэж заншвал эрч хүчээ алдахгүй.

Ус ихтэй, бага калоритой учир жингээ хасах гэж байгаа хүмүүст санал болгох хамгийн гол хүнс бол өргөст хэмх. Хэрвээ өргөст хэмх идэх тийм ч дуртай биш бол тослог багатай тарагтай хольж идэхийг зөвлөе. Мөн өргөст хэмх нь хоол боловсруулалтад ч сайнаар нөлөөлдөг байна.

Өргөст хэмх нүд сэргээнэ. Хүйтэн өргөст хэмхийг хэрчээ нүдэн дээрээ тавихад хавдрыг буулгахаас гадна, нүд онгойх мэт мэдрэмж төрүүлнэ.

Өргөст хэмхийн шүүс нь холестролыг бууруулдаг бөгөөд цусны даралтыг хянаж, диабиттай хүмүүст эерэг нөлөө үзүүлнэ.

Амны хөндийн эвгүй үнэрийг өргөст хэмхийн шүүс дарж, сэрүүн цэнгэг мэдрэмж төрүүлнэ. Хэрчим өргөст хэмхийг тагнайдаа хэлээрээ түлхэн хүргэж 30 орчим секунд байлгахад амны эвгүй үнэр арилдаг байна.

Өргөст хэмх нь шээсэн дэх хүчлийн хэмжээг бууруулдаг учир бөөрийг эрүүл байлгахад тустай.