
Гар бол маш их зүйлийг хэлж чаддаг. Гар нь хүний нас, ажил эрхлэлт, тэр байтугай нийгмийн байдлыг ч тодорхойлж байдаг. Толигор, булбарай зөөлөн, үзэсгэлэнтэй гар бол байгалийн бэлэг юм.
Гэтэл бид гараа хэр удаан залуу, эрүүл хэвээр нь хадгалж чадах бол. Гадны хүчин зүйлсийн сөрөг нөлөөлөлөөс болж гарны арьс маань ус чийгээ алдан, хуурайшиж, эрт хөгширдөг тул бидний гарт онцгой анхаарал, арчилгаа шаардлагатай байдаг.

ГАРЫН АРЬСЫГ ЗӨВ АРЧИЛЖ ХАМГААЛАХ
Гоо сайхны салонууд бидэнд гар арчилгааны олон аргыг санал болгодог. Хамгийн алдартай салоны үзүүлдэг үйлчилгээний жагсаалт нэлээд урт байдаг: парафин эмчилгээ, массаж, маск гэх мэт. Хэрэв салон дээр очиж үйлчилгээ авах боломжгүй байвал та гэртээ гараа арчилж болно.

ГЭРИЙН НӨХЦӨЛД ГАРАА АРЧЛАХ
- Зохистой хоол, тэжээл
Гарын арьсны гадаад байдал нь бие махбодийн толин тусгал л гэсэн үг, биед витамин, эрдэс бодис дутагдаж байгааг илтгэдэг. Тэнцвэртэй хооллосны нөлөөгөөр арьс нь шаардлагатай бүх бодисоо дотроосоо авч чаддаг.
Чухал анхаарах зүйл: Гарын тань арьсан дээр тууралт, толбо, загатнаа, улайлт гарч ирвэл өөрөө эмчлэх гэж битгий яараарай. Зөвхөн эмч л зөв онош тавьж, шаардлагатай эмчилгээг зөвлөх болно.
- Сөрөг нөлөөллийг багасгах
Юм угаах, цэвэрлэх, хүйтэн жавар, халуун наранд хөдөө гадаа ажиллах зэрэг олон хүчин зүйлүүдээс болж бидний гар гэмтсээр байдаг, гэвч бидэнд эдгээрээс гараа хамгаалах бүрэн боломж бий. Гэрийн ажлаа хийхдээ байнга бээлий өмсөж байхаас гадна зуны улиралд хэт ягаан туяанаас хамгаалах тос, өвлийн улиралд хүйтнээс хамгаалах тос түрхэж байвал гадны сөрөг нөлөөллөөс гараа хамгаалж чадах юм.
- Гуужуулах
Та гарын арьсаа гуужуулахдаа худалдаанд байдаг маскнууд болон уламжлалт аргуудын аль алиныг нь ашиглаж болно. Гарын арьсыг гуужуулж байгаагийн гол шалтгаан нь арьсны үхэжсэн эсийг гуужуулж унаган, арьсны гадаргууг толийлгодог шинэ эд эс үүсэх нөхцлийг өдөөж өгөх явдал байдаг.
- Маск, банн
Маск тавьж арчлах үйлчилгээ нь зориулалт болоод найрлагын хувьд олон янз байж болно, жишээлбэл, хумсны ургалтыг хурдасгах эсвэл арьсыг гуужуулах… ямар үр дүн үзмээр байгаа, мөн арьс тань ямар төрлийнх гэдгээс хамаарч маскаа зөв сонгох ёстой байдаг.
- Тос
Арьсаа арчлахад хамгийн их хэрэглэгддэг гоо сайхны бүтээгдэхүүн бол мэдээж тос. Төрлөөсөө хамааран тос нь чийгийн тэнцвэрийг хадгалах, нөхөн төлжилтийг хурдасгах, цочролыг арилгах, илүү зөөлөн, толигор болгох зэрэг олон төрөл, үйлчлэлтэй байдаг. Гэрийн нөхцөлд та өөрт тохирох гарын тос хийж ч болно!
Гараа тогтмол арчлах дүрэм гарга. Энэ бол хамгийн үр дүнтэй арга юм. Гараа хайрлаж, анхаарал тавьж, арчилж байгаарай. Таны гар залуу, үзэсгэлэнтэй харагдах нь зөвхөн таниас л шалтгаална.