Эхнэрийн маань найз манайд орж ирээд миний түрсикийг хүртэл угаачихдаг

Эхнэрийн маань найз тэр үед хүнтэй суух гээд их л завгүй байсан хэдий ч бид хоёрыг орхилгүй үргэлж эргэн тойрсоор, миний хүүг цэцэрлэгт ороход эцэг эхийн хуралд нь хүртэл явдаг, намайг эзгүйд гэрт ирээд гэр цэвэрлэж хоолны мах, гурил бүгдийг жижиглэж хэрчээд уутанд хийгээд бантангийн мах, хоолных гээд ангилж бичээд явна. Эмэгтэй хүнгүй гэр ямар олиг байхав дээ. Шивэртэй оймс, хөглөрсөн аяга таваг, эрх биш өглөө хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгөхдөө ороо хурааж санд мэнд аяга цай уугаад гардаг л байсан юм хойно. Аялалын компани ч мартагдсан дууль болов. Бүхнээ үрж зарж өрөнд орсон байсан учраас би төрийн байгууллагат мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн. Эхнэрийн найзын суух гэж байсан залуy түүнийг орхиж, гомдоогоод алга болов. Тэр үеэс бид хоёрт гаргах цаг нь их болж хүү минь яг л ээжтэй хүүхэд шиг индүүдсэн хувцастай, эрхэлж инээдэг арай дээр болж эхлэв. Яг энэ байдлаар яг гурван жил орчим явсан байх.

Яг л манай гэрийн үйлчлэгч, эгч, ээж шиг ирж очин бид хоёрын бөөцийлсөөр. Би ажилдаа анхаарах, ажлаа сайн хийх нөхцөлтэй болсон учраас амьдрал урьдынхаас арай л дээр болж байв. Эхнэрийнхээ найзыг хамгийн дотно найзаа л гэж харахаас илүүг бодож яваагүй л дээ. Энэ сайн хүнийг эхнэр минь хүү бид хоёрт үлдээгээд буцсан юм шүү, амьдрал дээрх ганц найз гэж харж хүндэлж явсаар нэг л мэдэхэд дотроо тэр хүнийг хамгаалж, хол битгий байгаасай, ороод ирээсэй гэж хардаг болчихсон байв.

Ямар заавартайгаа ирэх биш дээ. Хорин хэдхэн насандаа хайртай эмэгтэйн минь хамгийн сайн найз гэж харахаас өөрөөр бодож яваагүй би энэ бодолдоо бусдаас жаахан санаа зовиноно. Одоо болтол ганц бие түүнийг хүү бид хоёр чөдөрлөөд уяад байгаа юм шиг буруутан юм шиг мэдрэмж ч төрнө. Хүүгээ долоон нас хүрэх тэр жил би зориглон түүнээс бид хоёрын дэргэд үлдээч гэж хэлсэн.

Одоо бодоход тэр үгийг би хэлээгүй бол тэр хүн хэзээ ч намайг түрүүлж сонгох сонголт хийхгүй байсан шүү гэдэг бодол төрж амжиж хэлсэндээ баярладаг юм. Яахав эхлээд хайр сэтгэл байгаагүй зүгээр л дассан, тэр хүний орон зайгүй бол хүү бид хоёр хэцүүдэх мэт айдсаас болж эхэлсэн байж магадгүй. Гэвч одоо эргээд харахад би алдаагүй л юм байна гэж боддог. Хүү маань том ээж гэж дууддаг байсан болохоор өөрчлөгдсөн зүйл бараг л үгүй яваандаа хүү маань ээж гэж тодоор дууддаг болж, бас нэгэн бяцхан зүрх мэндэлсэн.

Дахин нэг хүү надад ирсэн. Орой төрөлт байсан учраас тэр минь эгээтэй л дахиад хүү бид хоёрыг өнчин үлдээгээд явчихаагүй. Их л хүнд төрөлт болж бид хүүгээ өлгийдөн авсан. Эх нялхасын эх баригч эмч асрагч сувилагч нарын хүчинд л хүү минь ээжтэйгээ хамт энэ дэлхийд үлдэж чадсан. Хоёр хүү минь том болж л байна. Ах нь тэнгэрт байгаа ээжийгээ өдөр бүр сануулах мэт улам л адилхан болсоор. Сайхан хань сайхан ээж үлдээгээд, танилцуулж нөхөрлүүлж орхиод өөрөө явсан тэнгэр шиг түүнийгээ насан туршдаа хайрлаж хүндэлж хийж амжаагүй бүхнийг нь хүүгээр нь дамжуулан хүүгээ хайрлаж явна даа ах нь. Одоо бодохнээ тэр минь хорвоогоос буцахдаа найздаа захьсан тэр захиас ингэж биелэх ёстой байж дээ гэж хааяа боддог юм… Хайртай гэргийнхээ хамгийн сайн найзтай гэр бүл болсон хоёр хүүгийн ааваас.