
Сүүлийн үед гэрийн эзэгтэй нар маань зөөлөн боов, пулчикийг дэлгүүрээс худалдан авах бус өөрсдөө гэртээ хийх болсон. Энэ нь сонирхолтой төдийгүй мөнгөнд хэмнэлттэй нэмээд хүүхдүүд ч дурлан иддэг учир яах аргагүй зөв сонголт болно. Тэр ч үүднээс та бүхэндээ гэртээ хийж болох амтат цагираган талх хийх жорыг хүргэхээр бэлтгэлээ.

Орц:
- Ус – 1.5 аяга
- Гурил – 4.5 аяга
- Элсэн чихэр – 3 халбага
- Давс – 1 амны халбага
- Хөөлгөгч – 1 халбага
- Зөгийн бал – 1 аяга

Хийх арга:
Гуриландаа хөөлгөгч, элсэн чихэр болон давсаа хийж, дээр нь усаа нэмээд зуурна. Зуурсан гурилаа эвэнд оруулж багахан нухаад, таглаж дулаан газар тавиарай. Ойролцоогоор 1 цаг амраахад хангалттай.
Ингээд амраасан гурилаа авч, 10 тэнцүү хэсэгт хуваана. Хэрэв та тэнцүү хувааж чадахгүй байвал жин ашиглаж болох юм.
Хувааж бэлтгэсэн гурилаа калькин цаас дэвссэн шарах шүүгээний тавцан дээр өрж тавиарай. Одоо жижиг бөөрөнхий болгосон гурилаа ахин 30 минут амраана.

Хангалттай хөөлгөсөн гурилныхаа голд хуруугаа хатгаж, нүх гаргана.
Одоо том саванд ус хийж буцалгаарай. Үүндээ аяга зөгийн балаа хийж хутгана. Буцалж буй усандаа цагираган боовоо хийж, ойролцоогоор 1 минут чанаад гаргаарай.
Чанаж болгосон боорцогоо гаргаж аваад, буцаагаад калькин цаасан дээрээ гаргаж тавьна. Урьдчилж 180 хэмд халаасан шарах шүүгээнд цагираган талхаа хийж, 20-25 минут жигнээрэй. Ингээд л таны амттай боорцог бэлэн болох юм. Хэрэв та хүсвэл төрөл бүрийн үр, самар зэргээр боорцгоо чимж болно.