
Ц.Намхайдорж: Иргэд даралт ихсэх өвчний талаар маш их ярьдаг. Даралт ихсээд байна гэхээр нь бөөрний гаралтай юм байна тэр эмийг ууна гэж ярьдаг. Анагаах ухаанд даралтыг хоёр хуваадаг. Анхдагч даралт, хоёрдогч даралт гэж. Хүн эхээс төрөөд 4, 5 жилийн дараа судас хатуурах шинж тэмдэг илэрч, 50, 60 нас хүрэхэд судас хатууралт эрчимтэй явагдаж, даралт ихсэх магадлал өндөр болдог. Энэ нь ихэнх хүнд байгалийн жамаар үүсдэг учраас анхдагч даралт гэж нэрлэдэг юм. Өнөөдөр 70, 80 настай хүний даралт ихсэхгүй байх магадлал тун бага байна. Гэхдээ 70, 80 настай ч даралт нь ихэсдэггүй, өөртөө анхаардаг хүмүүс бий. Байнгын дасгал, хөдөлгөөн хийж, илүүдэл жингүй, амьдралын зөв хэв маягтай хүмүүс даралтны эм уудаггүй.
Хоёрдогч даралт гэдэг нь ямар нэгэн шалтгаантай байдаг. Дотоод шүүрэл, төрөл бүрийн судаснууд, бөөр, бөөрний дээд булчирхай зэрэг маш олон шалтгаанаас үүдэлтэй байдаг. Үүнийг маш нарийн шинжилгээ хийж тогтоодог. Анхдагч даралтыг хянана л гэсэн ойлголт байдаг. Харин эмчлэгддэггүй. Насан туршдаа даралтны эм уудаг шалтгаан ердөө л энэ. Залуу хүний даралт ихсээд эм уугаад тогтвортой байлгаж цаашлаад амьдралын буруу хэв маягаасаа салж, стресстэхгүй байвал эмээ зогсоож болдог. Харин эм уухаа болиход даралт эргээд ихсээд байвал байнга эм уух ёстой. Учир нь даралтыг савлуулж болдоггүй. Өнөөдөр иргэдийн ихэнх нь даралтаа ихсэхээр эм ууж байгаад зовиургүй болсных нь дараа даралт буучихлаа гээд эмээ уухаа больчихдог. Даралтаа эмээр гэнэт буулгаж, ихэсгэх нь буулгаагүй байхаасаа эрсдэлтэй. Тиймээс даралтны эмийн тунгийг нь тааруулж тогтмол ууж, даралтаа хянах нь хамгийн зөв арга.
Хоёрдогч даралт бол эмчлэгдэх боломжтой. Хамгийн гол нь шалтгаан юунаас байна гэдгийг зөв тодорхойлсон тохиолдолд эмчлэгдэнэ. Хэрвээ бөөрний судас нь нарийсч, түүнээс болж даралт ихэсч байгаа бол бөөрний судас тэлэх эмчилгээг хийвэл даралт тогтворжино. Бөөрний дээд талд байгаа хавдраас болж даралт ихсээд байвал мэс заслаар хавдрыг авчихвал даралт тогтворжино. Энэ мэтчилэн хоёрдогч даралтын шалтгааныг нарийн шинжилгээгээр тогтоож эмчилнэ. Түүнээс бус иргэдийн ярьснаар бөөрнөөс болж байна гээд дур мэдэн эм, тариагаар үйлчилж огт болохгүй. Хоёрдогч даралтыг нарийн мэргэжлийн эмчээр тодорхойлуулж, зөв эмчилгээг хийлгэх ёстой.