Чага мөөгийг ардын уламжлалт эмчилгээнд хэрэглэх арга! Мөн гоо сайханд хэрэглэхийн ач тус!

Хус модон дээр ургасан хатуу хар өнгийн мөөгийг чага буюу хусны мөөг гэж нэрлэдэг. Чага мөөгийг ардын уламжлалт эмчилгээ болон гоо сайханд өргөнөөр хэрэглэдэг. XI-р зууны Оросын түүхэн баримтад Их Гэгээнтэн Владимир Мономахын уруул дээр гарсан зүйлийг чага мөөгний хандаар эмчилсэн тухай дурьдсан байдаг юм. 16-р зуунд Сибирийн ард түмэн бараг бүх өвчинг чага мөөгөөр эмчилдэг байжээ. Чага мөөгний хандаар зүрх судасны систем, элэг, бөөр, уушиг, ходоод, гэдэс дотрын өвчнийг эмчилж байсан байна. Мөн хатиг, үе мөчний өвчинийг чага мөөгний уусмалаар нойтон жин тавих замаар эмчилж байжээ. 18-р зуунд Оросын эм баригч нар хусны чага мөөгөөр хавдар, ходоод гэдэсний өвчнийг эмчлэх жор гаргаж ирсэн байдаг байна. Бид хусны мөөгний анагаах чадлыг судалсан судлаач Велимудра Ткачеваас чага мөөгний талаар зарим нэг зүйлийг олж мэдсэн юм.

ЧАГА МӨӨГНИЙ ШИНЖ ЧАНАР: Чага нь маш их эрдэс давс агуулдаг. Түүний үнсжилтийн хэмжээ 15%. Хусны чага мөөгөнд цахиур, төмөр, кальци, магни, натри, кали, цайр, зэс, манган агуулагддаг. Чага нь яс, зүрх, дархлаанд маш сайн нөлөө үзүүлдэг. Чага мөөгөнд хурган чихний хүчил болон шоргоолжны хүчил агуулагддаг. Чага мөөгөнд агуулагдах органик хүчлүүд нь хүчил-суурын тэнцвэрийг хэвийн болгож зохицуулдаг. Чага мөөгөнд фармакологийн идэвхит бодис байдаггүй, иймд бодисын солилцоог идэвхжүүлэх зорилгоор үүнийг бүх эрүүл хүмүүст, ялангуяа өндөр настнуудад хэрэглэж болно. Чаг мөөг нь уургийн коагуляцид нөлөөлдөг өвөрмөц таннин агуулдаг бөгөөд энэ нь арьс, салст бүрхэвч дээр хамгаалалтын нимгэн хальс үүсгэдэг.

ЧАГА МӨӨГНИЙ АШИГ ТУС: Энерги, эрч хүч өгч, биеийг тамиржуулна. Цусны найрлагыг сайжруулна. Нянгийн эсрэг үйлчилгээтэй. Ходоод, гэдэсний замыг хэвийн болгож, гэдэсний микрофлорыг сэргээж, ходоод, арван хоёр нугалаа гэдэсний шархийг анагаана. Чага нь шээс хөөхөөс гадна саажилтийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Цусны даралтыг буулгаж, зүрхний цохилтыг хэвийн болгоно. Ходоод халуу оргиж цээж хорсохыг намжаадаг. Ямар ч хүчиллэг зүйлтэй хамт хэрэглэж болно. Амны хөндийн үрэвслийг эмчилнэ. Мэдрэлийн системийг тайвшруулан нойргүйдэлийг арилгаж, стресс тайлна. Радионуклид болон хүнд металлуудыг гадагшлуулна. Гормоныг тэнцвэржүүлж, бие махбодыг залуужуулна. Чага мөөгний цай нь дотоод эрхтэнүүдийн гөлгөр булчингууд болон цусны судасны хананд тайвшруулах үйлчилгээ үзүүлэхээс гадна шөрмөс, булчин татах үзэгдэлд тайвшруулах нөлөө үзүүлдэг. Мөн түүнчлэн, хусны чага мөөгийг гоо сайхны салбарт арьс, үсны асуудалыг эмчлэх зорилгоор ашигладаг.

ЧАГА МӨӨГИЙГ ГОО САЙХАНД ХЭРЭГЛЭХ НЬ: ¼ аяга халуун усанд 1 дессертны халбага нунтаг чага мөөг хийж хутгаад 1 цаг идээшүүлээд, 1 х/х төмсний цардуул нэмж хийнэ. Даавуун юмуу цаасан маск давхарлаад хооронд нь бэлдэцээ хийгээд нүүрэн дээрээ 15 минут тавина. Дараа нь бүлээн усаар угаана.

Хагны эсрэг: 1 амны халбага чага мөөгийг 1 аяга халуун усанд хийж, 6-8 цаг хандлаж идээшүүлнэ. Мөөгөө шүүгээд үснийхээ угт сайн хүргээд үсээ нийтэд нь сайтар шавшиж угаагаад гялгар малгай өмсөөрэй. 40 минутын дараа толгойгоо бүлээн усаар угаагаарай.

Чага мөөгний тамиржуулан эрүүлжүүлэх ванн: 1х/х нунтаг чага мөөгийг 1х/х нунтаг ногоон гоньд, 1 х/х нил цэцэг болон 1 х/х хусны навчтай холиод 1 литр усанд хийж буцалгаад, буцлахаар нь галыг багасгаж 15 минут зөөлөн галаар буцалгаарай. Үүнийгээ хөрөхөөр нь шүүгээд 37 хэмийн халуунтай усандаа хийгээд ваннандаа ороорой. Чага мөөгийг хэрэглэх эсрэг заалт бол байхгүй. Чага мөөгнөөс харшилж байгаа хүн үүнийг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.