Махыг зэрлэг мөөгөөр орлуулах боломжтой. Учир нь мөөгний найрлаганд их хэмжээний уураг агуулагддаг, мөн эрүүл мэндэд ч ач тустай

Бид “Мөөгөндөө” танин мэдэхүйн аялал зохион байгуулагч, мөөг сонирхогч А.Оюунтуяатай ярилцлаа. Тэрээр дизайнер мэргэжилтэй ч сонирхлоороо мөөг судалдаг юм.

Та хэзээнээс мөөг сонирхож судалж эхэлсэн бэ?

Би мөөг сонирхож, судалж эхлээд дөрвөн жил гаруй болж байна. Анх салхинд гарангаа мөөг сонирхон түүж үзье гэж бодсон ч төстэй төрөл зүйл ихтэй учир хортой, хоргүй мөөгийг ялгахад хэцүү байсан. Монголд энэ чиглэлийн мэдээлэл ховор, анх түүж эхэлж байгаа үед дан зураг, хэвлэмэл мэдээлэл дээр үндэслэн мөөг түүж сурахаас илүү сайн мэддэг хүн дагаж түүх нь чухал. Мөн мөөгний зураг, бодит байдлаас өөр байх тохиолдол байсан учир Н.Хэрлэнчимэг мөөг судлаачтай хамтран хүнсний мөөг түүх нэг өдрийн аялал, сургалт зохион байгуулж байсан. Өмнө нь явсан туршлагатай байсан учир анхлан сонирхогчдод түгээмэл тохиолддог, андуурдаг эргэлзээтэй мөөгнүүдийн талаар онол, дадлага хосолсон байдлаар аяллаа зохион байгуулсан юм. Үүнээс хойш бие даан судалж байна.

Яагаад сургалт, аялал зохион байгуулах болов?

Мөөг сонирхон судалж эхэлснээс хойш ажиглаад байхад хүмүүс энэ талаар мэдээлэл хомс, буруу хэрэглээтэй байгаа нь анзаарагдсан. Үүнээс болж хортой мөөгийг андуурч хэрэглэх, мөөгийг буруу түүснээс дахин ургах боломжийг нь багасгах, мөөг ургадаг талбайд зуслангийн байшин барьж хөрс бохирдуулан байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх, хувь хүний түүсэн ямар нь мэдэгдэхгүй мөөгийг худалдан авах гэх мэт олон зүйлс дурдаж болно. Мөөгний олон төрөл зүйл байдаг. Хүмүүс өөрсдөө түүсэн мөөгөө хэрэглэх нь аюулгүй, зөв хэрэглээ болдог. Тиймээс хүмүүст зөв мэдлэг мэдээлэл хэрэгтэй гэж үзэн аяллаа зохион байгуулж эхэлсэн.

Хүмүүс хүнсээ зөв хэрэглэж сурснаар эдийн засаг талаас харвал гадагш урсах мөнгөний урсгалыг багасгах, импортын мөөгний хэрэглээг багасгах ач холбогдолтой. Импортын мөөг нөөшлөгч бодис агуулсан, холоос тээвэрлэн авчирдаг учир шатахуун түлш нь агаар бохирдуулж, байгальд сөрөг нөлөөтэй. Мөн зэрлэг мөөг импортын таримал мөөгнөөс уургийн агууламж өндөртэй. Ямар нэг нэмэлт бодис агуулаагүй байдаг.

Мөөг түүж сурахдаа аль болох албан ёсны зохион байгуулалттай мөөгний аялалд явахыг хүмүүст зөвлөдөг. Олон жил мөөг түүсэн гэхээс илүү хэр сайн судалсан бэ гэдэг нь чухал. Учир нь олон жил өнгөц мэдлэгээр буруу түүгээд сурсан хүмүүс бий. Мөн орос хүн бүр мөөгийг сайн мэддэг гэх ойлголт буруу юм. Бусдаас авсан мэдээллээ заавал давхар судалж нягталж байх нь чухал.

Та мөөгний судалгаагаа хэрхэн, яаж хийдэг вэ?

Мөөгний талаарх албан ёсны нэг бус хэд хэдэн эх сурвалжуудаас мэдээлэл авах, харьцуулах, байгальд бодитоор нь хайж олж шинжилж судлах, мэргэжлийн болон сонирхогч хүмүүстэй зөвлөлдөх, шаардлагатай бол лабораторид шинжлүүлэх гэх мэтээр судалдаг. Нэг дор олон төрөл мөөг гэхээс илүү нэг мөөгөө олон талаас нь төрөл зүйл болгоныг сайтар судлаад өөрийгөө алхам алхмаар сайжруулан, мэддэг нэр төрлөө олшруулаад явахыг анх сурч, судалж байгаа хүмүүст зөвлөдөг.

Мөөг ямар ургамал юм бол? Бусад ургамлаас ялгарах шинж нь юу вэ?

1960-аад он хүртэл дэлхийн шинжлэх ухаанд мөөгийг ургамлын аймагт хамруулж доод ургамал гэж үздэг байсан. 1969 онд АНУ-ын эрдэмтэн Роберт Н.Виттакер мөөгний хооллох хэлбэр, амьдралын хэлбэр, бүтэц бүрэлдэхүүний онцлогийг харгалзан анх удаа бие даасан аймаг гэж үзсэн. Мөөг нь ургамал ч биш амьтан ч биш тусдаа аймаг юм. Мөөгний аймаг нь шавжийн дараа ордог. Мөөг ургамлын үлдэгдэл, амьтны сэг зэмээр хооллон амьдардаг гэсэн үг.

Хүмүүс мөөг түүх хугацаа болсон уу гэж их асуудаг юм билээ. Хэзээ бүрэн ургадаг вэ?

Долдугаар сарын дунд болон сүүл үеэс ургаж эхэлдэг. Идэвхтэй ургадаг үе нь 8-9 дүгээр сарын хооронд байдаг. Цаг агаар тааламжтай байвал аравдугаар сар хүртэл үргэлжилнэ, тааламжгүй байвал есдүгээр сараас цөөрдөг. Мөн газарзүйн байршил, мөөгний нэр төрлөөс хамаараад зарим газраар мөөг түрүүлж ургах тохиолдол бий. Тухайлбал, тосондой найман сарын эхээр илүү их ургаад сарын сүүл үед ургах нь цөөрдөг.

Мөөгөнд олон төрлийн амин дэмүүд байдаг. Хүний биед ямар ач тус вэ?

Хатаасан мөөг 20-30 орчим хувийн уураг агуулдаг тул махнаас дутуугүй уургийн эх үүсвэр болдог. Бүх хүнсний мөөгнүүд A, B1, B2, C, D, PP аминдэмийг ихээр агуулах бөгөөд эдгээр аминдэмийн агууламжаараа хүнсний ногоо, үр тарианаас илүү байдаг. Мөн дархлаа сайжруулж, цусны даралт, халуун бууруулах, цусан дахь холестрин багасгах, вирусын эсрэг, үрэвсэл, хавдрын эсрэг үйлчлэл бүхий биологийн идэвхт олон бодис агуулдаг.

Тухайлбал, талын цагаан мөөгийг Төвд, Монгол анагаах ухаанд хүүхдийн халуун, савны халуун, дотор халууныг бууруулах, элэгний эмчилгээнд хэрэглэдэг. Фосфор, кали, кальци, төмөр, зэс, цайр, иод зэргийг агуулсан байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэж хэлж болно.

Хүмүүс мөөг түүж хэрэглэх болсон нь ажиглагдлаа. Мөөгийг ялгаж түүх хэцүү гэж та сая хэлсэн. Тэгвэл хэрхэн хортой, хоргүй мөөгийг ялгах вэ?

Гадна төрх, өнгө, хэлбэр хэмжээ, томорсон үедээ ямар байдаг, малгай нь иштэйгээ хэрхэн холбогдсон, салбан, гуурсны өнгө хэлбэр, зүссэний дараа ямар өнгөтэй байна гэх мэт олон талаас нь шинжилж тодорхойлно. Зарим төрлийн мөөгийг зүсэх, малгайд нь хүрэхэд янз бүрийн өнгө өгдөг. Ихэвчлэн тод шар өнгө өгч байгаа мөөгнүүд хортой. Гэхдээ ерөнхий шинж тэмдгээр мөөгийг хортой, хоргүй гэж тодорхойлж болохгүй. Дээрх шинж тэмдгүүдийг нэг бүрчлэн шинжилж тодорхойлдог. Учир нь зарим үед хортой мөөг хүнсний мөөгний хажууд зэрэгцэн ургах тохиолдол бий.

Зарим хүн уутанцартай, ишин дээрээ бөгжтэй, хар салбантай бол хортой, цагаан бол хоргүй гэж боддог. Гэвч уутанцартай, ишин дээрээ бөгжтэй, хар салбантай хүнсний мөөг ч байдаг. Жишээ нь хүнсний мөөг болох ойн хар мөөг буюу шампинион ишин дээрээ бөгжтэй, улаан хүрэн салбантай байдаг. Хөгширсөн үедээ салбан нь харладаг. Мөн нэлээд их хортойд тооцогддог хорон цагаан гээд цагаан мөөг бас байдаг. Мөн гоё үнэртэй, салбан нь цагаан хорхой идсэн бол хоргүй гэх мэтээр ерөнхийлөн мөөгийг түүх нь маш эрсдэлтэй, буруу.

Шампинион нь хүнсний мөөг гэж байдаг ч дотроо төстэй олон төрөл бөгөөд хортой төрөл ч байдаг. Андуурч түүх аюултай. Зарим төрлийн мөөг салбанг нь зүсэхэд шүүс ялгаруулдаг ба шүүсний өнгө ямраас хамаарч тухайн мөөгийг бас тодорхойлно. Опята гээд нэг дор бөөнөөр ургадаг мөөг нь мөн хүнсний болон хортой гэж байдаг. Зарим нь гадна талаасаа ялгагдахааргүй, лабораторид нарийн шинжилж байж ялгадаг учир анхлан сурч байгаа хүмүүст энэ төрлийн мөөг түүхийг зөвлөдөггүй. Сайтар судалж ялгааг нь мэддэг болсон үедээ түүхийг зөвлөдөг.

Мөөг түүхдээ ишийг нь тасалж түүх хэрэгтэй гэдэг. Энэ арга зөв үү?

Зүсэх боломжгүй, бүдүүн, хатуу иштэй зарим төрлийн мөөгийг мушгих байдлаар сугалж түүдэг. Нүхийг нь тэр дор нь шороогоор булах хэрэгтэй. Бусад төрлийн мөөгийг малгайнаас доош 1 см орчимд зүсэж түүхийг зөвлөдөг. Мөөгний гол шим тэжээл малгайдаа буюу махлаг эдэндээ агуулагддаг. Байгаль, ан амьтандаа бас тодорхой хэмжээг үлдээх хэрэгтэй. Ер нь дундаж хэмжээтэй мөөгнүүдийг зүсэж түүх нь зөв. Хэт том мөөг хөгширсөн байдаг. Хэт жижиг мөөг андуурагдах магадлалтай учир зэрэгцэж байсан ч хамаагүй түүдэггүй, байгальд нь үлдээдэг. Зүсэж түүхийн давуу тал нь тэр дор нь өттэй эсэхийг мэдэх боломжтой, зарим мөөг гаднаас харахад өт идсэн эсэх нь мэдэгддэггүй. Мөөгийг байгальд нь тэр дор нь зүсэж шалгаад цэвэрхэн хэсгийг нь зүсэж түүвэл муудсан мөөг бусад мөөгтэй холилдож муутгахгүй цэвэрхэн байдаг.

Мөөгийг яаж хэрэглэх вэ?

Мөөгийг чанаж, шарж, дарж хэрэглэж болно. Мөөг болгон өөрийн гэсэн онцлогтой, боловсруулах арга бий. Амт чанарын хувьд зэрэглэлтэй байдаг. Манай оронд ургадаг тосондой, ойн хар мөөг, талын цагаан мөөг амт чанарын хувьд сайн мөөгөнд ордог. Хэврэг чидмэг мөн манай оронд түгээмэл ургадаг мөөгнүүдийн нэг, амт чанарын хувьд дундаж буюу гашуун. Давсалж хачир байдлаар хэрэглэхийг зөвлөсөн байдаг.

Түүсэн мөөгөө хэрхэн муутгалгүй хадгалж хүнсэндээ хэрэглэвэл зохимжтой вэ?

Талын цагаан мөөг хуурай шинж чанартай учраас нарийн зүсэж хатааж болдог. Ойн мөөгний 70-80 хувь ус, чийг байдаг учраас хатахдаа удаан, амархан мууддаг. Тасалгааны температурт удаан байлгаж болохгүй. Түүсэн өдөртөө хөлдөөгчид бүрэн хөлдөөгөөд хэрэглэх хэмжээгээрээ бага багаар хэрэглэж болдог. Чийг ихтэй ойн мөөгийг тусгай технологийн дагуу хатаана. Мөн мөөгийг тэр дор нь даршилж хадгалж болдог. Гэхдээ буруу даршилсан тохиолдолд мөөгний хордлого хурц байдаг учир эхлээд ногоо дарж чаддаг болсны дараа буюу туршлагатай байж мөөг дарахыг зөвлөдөг.

Бид хүнсэндээ яагаад мөөг хэрэглэх ёстой вэ?

Уураг их агуулсан учраас махны хэрэглээгээ багасган, хааяа мөөг идэх хэрэгтэй. Хүн амын өсөлтөөс шалтгаалан маш олон амьтад зовж байна. Махны хэрэглээгээ багасгаснаар цөөн ч гэсэн амьтны амийг аврах байх гэж боддог. Хүмүүс мөөгийг зөв хэрэглэж, ач холбогдлыг нь ойлгоод эхэлбэл байгаль орчин ой модоо илүү хайрлана.

Хаанаас мөөг түүж, худалдаж авах нь эрүүл мэндэд ашигтай вэ?

Хэн түүсэн, ямар нь мэдэгдэхгүй мөөгийг замбараагүй худалдан авч дэмжихгүй байх, улмаар борлуулахыг хориглох хэрэгтэй гэж боддог. Энэ нь хүнсний аюулгүй байдалд нөлөөлөхөөс гадна ашгийн төлөө мөөгийг хэт их түүн, ойн амьтад хоолгүй болох, байгаль орчин тэнцвэрээ алдахад нөлөөлнө. Жишээ нь самар ихээр түүснээр маш олон мод гэмтэж, амьтад хоолгүй болсоор байна. Бусдын түүсэн мөөгийг ямар орчинд хэрхэн хадгалсныг бид мэдэхгүй. Тиймээс мөөгөө өөрсдөө таньж түүж сураад байгалиас зохистой хэмжээгээр түүгээд шинээр нь хэрэглэж байвал эрүүл мэндэд аюулгүй. Мөн мөөг түүх нь нэг төрлийн бясалгал, хөдөлгөөн, амралт болдог. Эрүүл амьдралын хэв маягийг өөртөө бий болгоорой гэж уриалъя.

Ярилцлагын төгсгөлд мөөг түүж буй иргэдэд анхааруулах зүйл байна уу?

Буруу хэрэглээтэй холбоотойгоор анхааруулах хэдэн зүйл байна. Сайн мэдэхгүй мөөгөө ихээр битгий түүж байгаарай. Магадгүй хортой мөөг байвал таны гарт шингэж, амандаа хүргэх, хоол хүнсээ барьж идэх, өөр бусад мөөгөнд холилдсон тохиолдолд хор нь шингэж хордуулах эрсдэлтэй. Мөөгний хор янз бүр байдаг. Зарим нь тэр дороо хордлого өгнө, зарим нь удаан хугацаанд дотор эрхтэн, тархи, мэдрэлийг гэмтээдэг. Тиймээс тодорхойгүй мөөгийг түүж хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

Мөн фэйсбүүкт хүмүүс мөөгний зураг тавьж асуух тохиолдол их. Эдгээр групп мэдлэг мэдээллээ солилцох зорилготой болохоос мөөг тодорхойлж өгөх зорилгогүй. Тиймээс тухайн мөөгнийхөө нэрийг нь заавал асууж, давхар судалж байж хэрэглэхийг зөвлөе. Мөөгний зургийг авахдаа зөвхөн нэг талаас бус малгайн дээд, доод хэсэг, хажуу тал, зүссэн байдал гэх зэргийг харуулан олон талаас нь, гэрэл сайтай орчинд, ямар орчинд яаж ургасан, хэр хэмжээтэй зэрэг зүйлсийг тодорхой харуулах хэрэгтэй. Зөвхөн нэг талаас авсан, бүдэг зургаас мөөгийг харж тодорхойлох нь эрсдэлтэй. Туршлагатай мөөгчид бусдын эрүүл мэндэд хариуцлагатай ханддаг учир иймэрхүү асуултад хариулахаас татгалздаг.

Мөөг түүж сурахад ажигч байдал, туршлага чухал байдаг. Дахин хэлэхэд мөөг төстэй төрөл зүйл их учир нэг дор олон мөөг биш нэг мөөгийг олон талаас нь судалж алхам алхмаар мэдлэгээ сайжруулахыг зөвлөж байна. Ер нь туршлагатай мөөг түүдэг хүмүүс ч олон төрөл гэхээс илүү өөрийн дуртай хэдэн төрлийн түүдэг мөөгтэй, түүнийгээ л түүх нь их байдаг.

Ярилцсанд баярлалаа.