
Азийн фенг шүй холбоо пэйжийг фенгшүйн шинжлэх ухааныг шашин, монгол уламжлалтай хослуулан олон жил судалж байгаа Дөлгөөн гэдэг залуу удирддаг. Түүний зөвлөгөө амьдралд ойр, хэрэгжүүлэхэд ч хялбар байдаг билээ. Дөлгөөний зөвлөгөөг та бүхэнд хүргэж байгаа юм шүү.
Ер нь хүн 14 хоногтоо нэг удаа заавал ил гал харж байх хэрэгтэй. Ил гал харахаар өөртөө итгэх итгэл сэргэж, хийж байгаа ажлынхаа алдааг олж харах, өнгөрсөн хугацаанд юун дээр алдаад байснаа олж харах хамгийн том зүйл болдог юм шүү.
Иймд гэртээ галгүй бол ил галтай ресторан, камен зуухтай газар, эсвэл өөрсдөө ч гал асааж болно. Аюулгүй байдлаа сахиад асаана. Галын бурхан гэж хүмүүс их ярьдаг.
Галын бурхан нь хүний гал махбодыг сэргээх, дээрх дурдсан эрчимийг сэргээх үүрэгтэй байдаг. Галны өмнө сууж байгаа хүн муу атгаг санаа бодолтой зүйл бодохгүй, зовлон гуниг таагүй зүйлсийн тухай биш өөдрөг, ирээдүйгээ сайханаар төсөөлж чадах юм бол хүнд гайхалтай том засал болдог байна гэжээ.
Эх сурвалж: Азийн фенг шүйн холбоо фэйсбүүк хуудас.
Нэгэнт гал, галын бурхантай холбоотой мэдээлэл оруулсан болохоор гал тахих ёс заншлын тухай мэдээллийг мөн хүргэж байна.
Нэгэнт гал, галын бурхантай холбоотой мэдээлэл оруулсан болохоор гал тахих ёс заншлын тухай мэдээллийг мөн хүргэж байна.
ГАЛАА ХЭРХЭН ТАХИХ ВЭ?
Заавал лам бөө гэхгүйгээр өөрсдөө тахиж, дотоод сэтгэлдээ шүтэн залбирахад л болно. Гал тахих өдрийг та зурхайн календарь дээрээс хараарай. Тахилгын өдөр нь морь юм уу хонь байвал сайн гэж үздэг.
Монголчууд бид Чингис хааны үеэс галаа дээдэлж, тахиж ирсэн ард түмэн. Гал голомт ариун байвал гай барцад холуур өнгөрдөг. Бүсгүй хүний бадраасан галанд өрхийн тэргүүний хийморь лундаа хамтдаа бадамлаж явдаг. Тиймээс галдаа элдэв бохир зүйл хийхгүй, ариун байдлыг нь алдагдуулахыг цээрлэж яваарай. Гал гэдэг тухайн айлын хамгаалалт юм шүү.
Их тахилгыг жилд ганц удаа жилийн эцсийн хөхөө сарын билгийн тооллын 23, 24-нд хийдэг. Галын бурхан жилд нэг удаа аав, ээждээ золгодог, золгохоор явдаг өдөр нь 23, ирдэг өдөр нь 24 юм. Иймд Монголчууд өвлийн сүүл сарын 23, 24-нд галаа тахиж тухайн жилийнхээ бүх барцад муу муухайг ариутгаж, ирж буй шинэ жилдээ өнгөтэй өөдтэй, аз хийморь арвин байхыг бэлгэдэн галын бурхандаа гал голомтоо даатгадаг байна.
Галын тахилгыг 23-ны үдшийн цолмонгоор эхэлдэг. 24-ний үүрийн цолмонгоор тахидаг. Үүний нэг нь үдэлтийн, нөгөө нь угталтын тахилга юм. Домог ёсоор жил жилийн сүүл сарын 23–нд галын тахилга тэнгэрт одож, орчлонгийн түмэн амьтны байдлыг хурмаст тэнгэрт айлтган мэдүүлдэг учиртай байжээ. Гал тахихад өвчүү, ганга, сархад, цай, сүүл 3 хэрчим, идээ, шар тос зэрэг зүйлс ордог.
Галыг гэртээ юм уу гадаа тахиж болно. Галыг гэрийн эмэгтэй нь дүүрэн шинэ шүдэнзээр асаадаг. Гал бадарч дүрэлзэж эхлэх үед өвчүүгээ тавиад сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ өргөнө. Тэгээд өөрсдийнхөө овог нэр жилийг хэлж, галын бурханыг дээдлэн хүндэтгэж байгаа хүмүүсээ танилцуулдаг. Гэрийн эзэн эхнэр хүүхдүүд дараална. Түүний дараа галдаа гурвантаа мөргөөд уухайг 3 удаа хэлнэ. Энэ үйлийг хийж байхдаа урьд нь гаргасан ямар нэгэн алдаа хэн нэгэнд нь байсан бол түүнийг нь уучилж тэр хүн нь дахин алдаа гаргахгүй гэж сэтгэлдээ чин сэтгэлээсээ хүсдэг. Түүний дараа бие биенээ хүндэтгэн энхрийлж чин сэтгэлээсээ талархал илэрхийлнэ.
Дараа нь сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ дахин өргөөд сайхан үгтэй дууг чангаар дуулна. Байнга аялж явдаг хүн бүрт өөр өөрийн дуу байвал сайн. Сайхан дуугаа дуулж дуусаад дахин гурвантаа уухайлна. Дахин гал дээрээ сархад ганга шар тос идээ сүү сүүлээ өргөөд хишиг буянгаа аривжуулах үйл буюу тавгийн идээ мөнгө төгрөг түрийвчээрээ даллага авч 3 удаа нар зөв эргүүлж 3 удаа уухайлна. Дараа нь тэр жилдээ хүсэж байгаа гурван хүслээ цэвэр цагаан цаасан дээр бичиж галдаа өргөнө. Түүний дараа өөрсдөө дахин нэг сайхан аялгуу барьж дуусгана.
ГАЛЫН БУРХАНД ЗОРИУЛЖ “Сүмбэр уулын төдий идээг Сүүн далайн төдий ундааг Сүрт галын хаан танд өргөе” гэж гал тахихад хэлдэг ажээ.
Гал тахихдаа тулганы тотго дээр өрөм, шар тос, өнгө өнгийн бүс, торгоны өөдөс зэргийг тавиад, цороцгүй өвчүүг хадгаар ороон, зугуухан түлсэн галд хийнэ. Түүний дээрээс хайлмал шар тос дусааж: “Хойт жилийн өдий хүртэл Хотол голомтоо сахин тэтгэж Мэнд суухын мэхийг даатгаж Амар суухын авралыг эрэн айлтгая Хурай, хурай, хурай” гэж хэлээд, галаа их бадраадаг байсан байна. Энэ бол нэг ёсны шившлэгээс үүссэн даатгал юм. Сархадыг заавал гэрийн эзэн өргөх ёстой.
Гал асахгүй бол: “Хөгж хөгж, хөх ямааны өөх өргөнө
Улалз улалз, улаан ямааны өөх өргөнө
Ас ас, алаг ямааны өөх өргөнө
Бадар бадар, балганатай шар тос өргөнө” гээд өөх тос өргөж галаа асааж бадраадаг.
Дээр үед монгол хүн галаа тахихдаа бөө удган нараар бөөлүүлдэг байсан. Гал тахилганд бөө удганы дуудлага, лам нарын уншлага хоёр агуулгаараа өөр байдаг. Гэхдээ айл бүр бөө удганаар бөөлүүлэх боломжгүй тул ам бүлээрээ хүндэтгэл илэрхийлээд галаа тахихыг сүүлийн үед чухалчилдаг болжээ.
ГАЛ ГОЛОМТОО ДЭЭДЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ ЦЭЭРЛЭХ ЁС
Монголчуудад гал тахих, гал голомтоо дээдлэх ёс заншлаас үүдсэн олон зүйлийн хорио цээр байдаг.
Гал руу хог новш, нохойн баас, шувууны өд, сонгино сармисны хальс, муу юм хийдэггүй. Галын бурхан бузартана гэж цээрлэдэг. Харин шар тос, а рхи, өөх мах, шинэ торго дурдангийн өөдөс өргөдөг.
Гал уруу нулимбал буянаа барна, сүү хийвэл нүд сохорч, малын сүү татрана гэдэг. Гал уруу цустай бохир юм хийхгүй, хутга мэсний үзүүрээр чичлэхгүй байх, гал дээгүүр алхахгүй байх, гутал ороолт, оймс, хөсрийн юмс галдаа оруулахгүй, ойртуулахгүй байхыг эрхэмлэдэг.
Галдаа сүү дусаахыг цээрлэнэ. Үнээний дэлэн хагарна гэдэг. Галдаа үсний сэв хийдэггүй. Цаасанд боож шатаадаг. Галын бурхан айдаг гэдэг. Гал голомтондоо ойр эх хүн төрдөггүй. Тусгаарлаж байж төрүүлээд 7, 9, 21 хоног дээр ёс төртэй гэрт нь оруулж ирдэг.
Шинэ төрсөн эмэгтэй галд ойртохыг цээрлэнэ. Гал бузартана гэдэг. Гал голомт өөд хар ус цацах, нулимах, бузар юм хаяхыг цээрлэдэг. Айлд ирсэн хүн айлын голомт руу нулимахыг цээрлэнэ, Галд шарилж түлэхийг цээрлэнэ. Галыг чичлэхийг цээрлэнэ. Галын бурхан уурлана гэдэг.
Галын дэргэд сүхээр юм цавчдаггүй. Галын толгойг авчихаж магадгүй гэдэг. Гал уруу хөлөө жийж унтдаггүй. Гэрийн эзний сүнсийг айлгана гэдэг. Хутгыг ирээр нь галд хүргэх, хутганы ирээр галыг сийлж хөдөлгөх, мөн түүнчлэн хутгаар тогоон дотроос мах авах буюу тогоонд мах эргүүлэх мэтийг бүр ч цээрлэдэг.
Голомтны хүрээ мод ба ялангуяа тулган дээр гаансаа цохихыг цээрлэдэг. Голомт руу хөлөө жийх буюу галд хөлөө хөлчөөх /дулаацуулах, ээх/-ийг ихэд цээрлэдэг. Хөлөө хүргэх байтугай хойш урагшаа явах, орох, гарахдаа хормойгоо ч хүргэхгүй ёстой.
Айлын голомтыг нар буруу тойрон гарахыг цээрлэнэ. Галд ус хийхийг цээрлэнэ. Усаар гал унтраах хэрэгтэй болбол “ галын бурхан хөлөө авч бай” гэж хэлнэ. Галаар наадахыг цээрлэнэ. Мал нь сарних буюу малаа алдана гэдэг.
Гал унтраахдаа гишгэхийг цээрлэнэ. Гал голомтын дэргэд алцайж суухыг цээрлэнэ. Аргалын сав дээр сандайлж суух, галын хайчийг гишгэх, уур сүхэн дээгүүр хормой хотоо гаргахыг мөн л цээрлэнэ. Ингэж цээрлэдгийн учир нь эдгээр багаж хэрэгсэл болон ажиллагаа нь гал ба голомттой холбогдож буйд оршино.
Тухайн гэр бүлийн бус гадны хүн айлын гал хөндөхийг цээрлэнэ. Тэгвэл гал голомтод халдаж байна гэж үздэг. Гал тахиж а рхи тос дусаах үед жирэмсэн эмэгтэй хажууд байхыг цээрлэнэ. Ураг унах аюултай гэдэг.
Галын хайчийг тэнгэр өөд юмуу хоймор өөд харуулдаггүй. Учир нь галын хайч хөөтэй тул хүндтэй зүг уруу буюу хүндтэй юм руу харуулдаггүй байна. Аргалын /авдар, дөрвөлжинг/ галын сөн гэж үздэг учраас дээр нь суудаггүй унтахаасаа өмнө дүүргэдэг ёстой.
Гал дээрээ цай хоол хийхдээ тогоогоо баруун хойш нь үл мэдэг хазайлгасхийн тавьдаг. Өөдлөн дэвжиж, баяжихын бэлэгдэл болдог.
Хүн нас барахад гал голомтоо ариутгаж, галдаа а рхи цацаж, их гал түлээд, бүх эд хогшлоо ариутгаж, нас барсан хүнийг оршуулаад ирсэн хүн ба уналгыг хоёр галын хоорондуур явуулж оруулдаг ёстой байжээ.
Айлд гал өгдөггүй. Гал голомтын заяа гомдоно гэж цээрлэдэг. Гаднаас гал гуйдаггүй юм шүү.
ГАЛ ТАХИСАН ТОХИОЛДОЛД АНХААРАХ ЗҮЙЛС:
Галын тахилгаас хойших 7 хоногт төмөр шилээврээр гал хөдөлгөхийг цээрлэнэ. Галын бурхан эзгүй байх үе гэнэ.
Гал тахиснаас хойш 3 хоногт идээ, ундаа, өглөг өгөхийг цээрлэнэ.