
Айл гэрт хивс байх нь халуун дулаан уур амьсгал төрүүлэхийн зэрэгцээ хүүхдүүд өнхөрч, тоглож байхад тухтай байдаг. Харин бохирдож, толбо тогтсон тохиолдолд энэ нь багагүй асуудал үүсгэнэ. Ялангуяа тосны толбо тогтсон бол, гэрийн эзэгтэй нарын царай нь барайж, яах билээ хэмээн толгой гашилгаж эхэлдэг. Тэгвэл одооноос хивсэн дээр тогтсон тосны толбыг хараад тэгтлээ санаашрах хэрэггүй. Учир нь хялбархан аргаар үүнийг цэвэрлэх бүрэн боломжтой.

Таны хивсийг тосны толбоос салгаж цэвэрлэх хэд хэдэн арга бий. Эдгээрээс хамгийн үр дүнтэйг нь та бүхэндээ хуваалцъя.
- Хүнсний сода болон цардуул: Хүнсний сода болон цардуулыг ижил хэмжээтэй авч хольно. Үүнийгээ тостой хэсэгт тавьж, хэсэг үрээрэй. Ингээд 15 минут орхих хэрэгтэй. Дараа нь вакум цэвэрлэгчээр соруулж аваарай. Ингээд л толбо алга болсон байх болно.
- Архи: Архийг салфеткинд шингээж, толботой хэсгийг сайтар үрж арчиарай. 20 минутын дараа ахин сойтгоор үрж угаахад толбо хялбархан арилах аж.
- Цагаан цуу болон хүнсний сода: Цагаан цуу болон хүнсний содыг ижил хэмжээтэйг авч хольж зуурна. Үүнийгээ сойтгонд түрхэж, толбыг сайтар үрээрэй. Үрсний дараа 20 минут орхино. Дараа нь ахин цэвэр сойтгоор үрж зүлгээд үзээрэй.

Анхаарах зүйлс:
Хэрэв та архи ашиглаж хивсээ цэвэрлэхээр шийдсэн бол шууд архиа толбон дээр асгаж болохгүй. Энэ нь хүчтэй нэгдэл учир хивсийг муухай болгож болзошгүй. Тиймээс заавал сальфетканд бага хэмжээгээр шингээж хэрэглээрэй.
Хэрэв дээрх аргуудыг хэрэглэсний дараа хивснээс тань таагүй үнэр гараад байвал агааржуулагч, сүрчиг зэргийг хэрэглэж, цацаарай. Цонхоо онгойлгоод хэсэг байсны дараа үнэр нь арилах учир тэгтлээ санаагаа чилээх хэрэггүй юм.
