Манай хүн ээж аавтай чинь байхаар хоол унд таарахгүй, тааваараа байж болохгүй гэх болсоноор бид хоёр байр түрээслэн гарсан юм. Би ч ажилд орчихсон миний мэргэжил цалин өндөр учир түрээсээ төлсөн ч сардаа хангалттай л санагддаг байсан анх. Ингээд нэг их удалгүй ээж аав маань отгон хүүгээ байр түрээслээд яваад байхыг хүсэхгүй байна гээд бидэнд байраа өгч аав ээж маань хашаа байшиндаа очиж амьдарна агаарт гарна гэсээр бид эргээд гэртээ ирэв. Албан ёсоор бэр гуйлаа. Гэрлэлтээ батлуулж би жинхэнэ утгаара гэрийн эзэн болов. Эхнэрийн гэр бүл боломж тааруу учир түүнийхээ төлбөрийг би цалингаасаа төлж үлдсэн 2 жилийг нь ямартай ч даваад гарав. Эхнэр удалгүй ажилд ч ороод амжив. Нэгнийхээ цалингаар амьдарч нөгөөгийнхөө цалинг хуримтлал үүсгэхээр анх ярилцаж сайхан амьдарнаа гээд л тэврэлдэн аз жаргалтай л байлаа. Би чинь гарж орохоо больсон учир тараад шууд гэр. Найзуудтайгаа уулзах үедээ эхнэрээ дагуулж явна эсвэл гэртээ найзуудаа урьчихна. Найзууд ч нэг нэгээрээ гэр бүл зохиож эхэлсэн л дээ. Бид хүүхэдтэй болсоноо мэдэв. Авахуулна гэхэд нь би гуйж тайвшруулж биднийг зориод ирсэн хүүхдээ гаргахыг хүсч байгаагаа хэлсэн. Тэр маань зөвшөөрч бид аав ээж болохдоо бэлдэж эхлэв.
Ажилд ороод удаагүй жирэмсэн болсон болохоор манай хүн жаахан дурамжхан гэртээ суумааргүй байна гэх болсон учраас уйдаалгүй бас хамт олонтой байлгамаар байсан учир эхнэрээ төрөөд хүүгээ 3 сар хүрэнгүүт нь би ажлаасаа гарч эхнэрээ ажилд нь оруулсан. Хүүгийнхээ даавууг угааж, хүүдээ бантан кашийг нь бэлдэж аав хүү хоёр гэртээ хөөрхөн хөгөлдөг байсан ч болоод л байлаа. Жирэмсний хугацаандаа дан гэрт суусан төрөөд бас ядарсан эхнэрээ орой ирэхэд нь хоолтой угтана. Заримдаа оройдоо найзуудтагаа суух болохоор эхнэрээ ирэхээр зөрөөд гарна. Гэхдээ аль болох оройтохгүйг хичээнэ. Эхнэр маань хүүгээ ой хүртэл ажилдаа яваад ирэхдээ та хоёрыгоо саналаа, миний хань мундаг аав чамдаа баярлалаа гэх мэт хэлдэг ажлаа тараад яаран ирдэг байсан ч гэнэт оройтоод л, ажлаараа жаахан суулаа, ажлаараа нэгнийдээ уригдаад гэх мэт нь олон болж бараг өдөр бүр 11, 12 болж байхад ирдэг болсон. Зарим өдөр хүүгээ унтаж байхад нь ажилдаа яваад орой унтаж байхад нь ирдэг болов.
Би ч асуудал даамжирвал ярилцъя даа гэж тэсээд л яваад байв. Энэ үеээс үргэлж гэрт хүүгээ харж байгаа би өөрөө жаахан стрестэй болж эхэлсэн байх. Нэг орой шөнө хоёр цагт халамцуу орж ирсэн эхнэрээ хараад үнэхээр тэсэлгүй алгадаад авсан. Миний л буруу л даа. Уураа хянаж чадаагүй. Тэгсэн зодлоо, намайг цохьлоо гэж маш их уурлаж орилж хамаг юмаа шидэлж байгаад гараад явсан. Эргээд ороод ирэх байх гээд хүлээсэн ч ирээгүй. Уг нь хөхүүл шүү дээ. Хүү нь унтаж байгаа. Эх хүн байтал гэртээ хоёр хоног ирсэнгүй. Би ээждээ хүүгээ харуулаад ажил дээр нь очоод ярилцах гэж үзсэн боловч сална гэдэг үг л олж сонслоо. Хэсэг ийм байж байгаад эргээд гайгүй болов. Би ажилдаа эргэж орохоор шийдэж хүүгээ хувийн цэцэрлэгт өгөхөөр гайгүй цэцэрлэг хайж эхлэв. Эхнэр маань шөнө орондоо хэвтэж байгаад л 00 гүйж ороод нэг хэсэг алга болоод, гэнэт л учир зүггүй ганган дэгжин өөрийнхөө хэзээ ч урьд нь өмсч байгаагүй сонин сонин хувцас худалдан авах болж намайг бодолд оруулах бллоо. Ярилцах боломж надад өгөөгүй дээ. Гэр бүлтэй, эхнэр хүүхэдтэй ажлынхаа хэлтсийн даргатай учир ургуулж бүр улаан цагаандаа гарсан даа.
Бүр тэрнийгээ хайрт минь гээд хадгалсан байсан гээд бод. Тэр залуугийнх нь эхнэр анх мэдэж надтай холбогдсоноор би мэдсэн. Хүү мань ээжийгээ хайж уйлаад л гэр бүлийнхэн намайг загнаж зандраад эхнэрээ толгой дээрээ гаргаад гэр бүлээ caмрууллаа гээд л. Хэцүү цаг үе өнгөрсөн. Давж гарах гэж бас хичээсэн. Эмэгтэй хүн чинь нэг толгой нь эргэхээрээ амьдралаа мартчихдаг юм билээ. Явуулсан. Би явуулсан түүнийг. Хүүгээ авна гэж ч хэлээгүй явж байгаадаа үнэхээр их баярлаад бид хоёрыг орхисон. Хайртай залууруугаа явсан.
Тэнд бас нэг эмэгтэй нулимстай хоцорсон. Энэ явдал болж өнгөрөөд хоёр жил болжээ. Хайртай залуугаа сонгоод явсан тэр эмэгтэй миний хүүгийн ээж аз жаргалтай л яваа байх . Лав биднийг асууж сурах завгүй яваа. Нөгөө залуу нь эхнэрээ орхин байж түүнийг хажуудаа авсан болохоор эрх биш гомдоож зовоохгүй надаас аваагүй халамж хайр тансаглалыг нь өгөх байлгүй дээ. Надад яахав цалин л байсан. Бас хүү минь. Илүү их тансаг зүйл, тансаг байр үргэлж гоё чамин бэлгээр хучих байж, боломж дутсан гэдгээ хожим анзаарсан. Гэхдээ намайг хэзээч хайрлахаа болихгүй хүү минь байна. Намайг тэврээд унтах бүртээ хацар илээд яваад өгчиж магадгүй гэж боддог бололтой хуруунаас минь чанга атгаад унтдаг хүүтэй хүн…