Нүүр болон гарын арьсыг богино хугацаанд цайруулах аргууд

Зуны халуун өдрүүдэд амралт зугаалгаар явж, хөдөө амарсан хүмүүс маань хотод орж ирэхдээ санаагаа чилээх нэг асуудлыг нуруундаа үүрсээр ирдэг. Энэ нь борлож түлэгдсэн арьсаа хэрхэн цайруулах байдаг шүү дээ. Ямар ч тос, маск хэрэглэсэн байлаа гэсэн, бидний танилцуулах байгалийн орцтой маскуудаас илүү нөлөө үзүүлж чадахгүй л болов уу. Мөн таны санхүүд ч хэмнэлттэй учир эргэлзэх зүйлгүй дор дурдах маскуудаас нэгийг нь сонгож хэрэглээд үзээрэй. Гайхалтай үр дүнг үзүүлэх болно.

Жүржийн хальс болон тараг

Жүржийн хальсыг хатааж бэлтгэнэ. Үүнийгээ нухаж жижиглээд, дээр нь нэг халбага тараг хийж хутган, зуурмаг бэлтгээрэй. Угааж цэвэрлэсэн нүүрэндээ маскаа түрхэж, 20 минутын дараа бүлээн усаар угаахад хангалттай. Долоо хоногт 3 удаа хэрэглэснээр гайхалтай үр дүнд хүрнэ.

Улаан лооль, тараг болон овъёос

Нэг халбага овъёос, нэг халбага тараг болон нэг халбага улаан лоолийн шүүсийг хольж бэлтгэнэ. Үүнийг угааж цэвэрлэсэн нүүрэндээ түрхэж, 30 минутын дараа бүлээн усаар угаагаарай. Хүсвэл бага зэрэг чийгшүүлэх тос түрхэн, орондоо орж болно.

Сүү, нимбэгний шүүс болон зөгийн бал

Нэг халбага нимбэгний шүүс, нэг халбага сүү болон нэг жижиг халбага зөгийн балыг хольж бэлтгэнэ. Үүнийгээ нүүрэндээ болон гарандаа түрхэж, 20 минутын дараа угааж арилгаарай. Долоо хоногт мөн л 3 удаа давтан хэрэглэж байхад хангалттай.

Улаан лоолийн шүүс

Улаан лооль нь таны арьсыг байгалийн аргаар цайруулж, зөөлөн болгох үйлчилгээг үзүүлнэ. Ингэхийн тулд та өдөр бүр нэг ширхэг улаан лооль идэж, мөн улаан лоолийн шүүсээр нүүрээ арчиж байгаарай. Шүүсээр нүүрээ арчсаны дараа 30 минут болоод угааж арилгана.

Төмсний шүүс

Төмсний шүүс нь таны арьсыг цайруулаад зогсохгүй, нүдэн доорх хар хүрээг ч давхар арилгана. Нэг ёсондоо таны арьсыг үзэсгэлэнтэй, гэрэлтсэн болгоно гэсэн үг юм. Төмсөө хальсалж, жижиглэн хэрчээд, марль ашиглаж шүүсийг нь авна. Төмсний шүүсийг хөвөн ашиглан, нүүрэндээ түрхэнэ. Хатахаар нь зөөлөн савангаар угааж арилгаарай.