
Чадварлаг маркетингийн ажилчид өөрсдийн худалдаа, үйлчилгээний газрын хана, тавилганы өнгийг зөв сонгож чадсанаар бидний тархийг удирдаж, өөрсдийн ашиг орлогоо нэмэгдүүлж чаддаг. Учир нь гэвэл хүмүүсийн тархи өнгөнөөс шууд хамааралтай бөгөөд өнгөөр тоглож, бусдыг удирдаж болно. Нэгэн судалгаагаар хүмүүсийн гаргаж буй шийдвэрийн 90 хувь нь өнгөний нөлөөнөөс үүдэлтэй болохыг баталсан. Тиймээс та ч бас зөв өнгийг, зөв газраа ашиглаж, өөрийн сэтгэл хөдлөлөө удирдаж болох юм.
Шаргал өнгө
Танд юу мэдрүүлэх вэ?: Хөдөлгөөн хийх үед эрч хүч өгч, урам зоригийг өдөөнө. Энэ нь мөн өөдрөг байдал, шинийг эрэлхийлэх хүслийг нэмэгдүүлэх бөгөөд үргэлж хөгжилтэй, гэгээлэг зүйлстэй холбогддог.
Юунд ашиглах вэ?: Шаргал өнгө бол фитнес зааланд зайлшгүй байх ёстой өнгө. Мөн үдэшлэг, цэнгээний өрөөг тус өнгөөр тохижуулвал хүмүүсийн эрч хүчийг нэмэгдүүлж, уур амьсгалыг хөгжилтэй болгоно.
Цэнхэр өнгө
Танд юу мэдрүүлэх вэ?: Энэ нь тайван байдал, амар амгаланг мэдрүүлнэ. Цэнхэр өнгийг цэлмэг тэнгэр, эрх чөлөөтэй холбож тайлбарладаг.
Юунд ашиглах вэ?: Гэртээ цэнхэр өнгийн тавилга эсвэл ханын цаас сонгож болно. Энэ нь таныг гэртээ тухтай амарч, сэтгэл санааг тайван байлгахад туслах аж.
Ногоон өнгө
Танд юу мэдрүүлэх вэ?: Ногоон өнгө нь амьдралын өнгө учраас энэ нь тэнцвэр, аюулгүй байдал, тогтвортой байдлын сэтгэл хөдлөлүүдтэй холбогдсон байдаг. Энэ нь сайн сайхан байдлыг өдөөж, эрч хүчийг сэргээнэ.
Юунд ашиглах вэ?: Гал тогооны тавилга ногоон өнгөтэй байх нь илүү тохиромжтой. Мөн гэртээ ногоон өнгийн ургамал тарьж, гэрийнхээ энергийг сэргээж, таатай уур амьсгал бүрдүүлж болох юм.
Хар өнгө
Танд юу мэдрүүлэх вэ?: Өөрийгөө хүчтэй гэх мэдрэмжийг авна. Сэтгэл хөдлөлөө нууж, хамгаалагдсан, аюулгүй санагдана.
Юунд ашиглах вэ?: Бусдад нууцлаг, хүчирхэг харагдахыг хүссэн үед хар өнгийн хувцас илүү тохиромжтой.
Нил ягаан өнгө
Танд юу мэдрүүлэх вэ?: Нил ягаан нь оюун ухааны тэнцвэр, тогтвортой байдлыг хангаж, сэтгэл санааны гэгээрлийн өнгө юм. Мөн тус өнгийг тансаг байдалтай холбодог.
Юунд ашиглах вэ?: Ерөнхийдөө дэр, бүтээлэг, хөнжил гэх зэрэг гэрийн зөөлөн эд зүйлс нил ягаан өнгөтэй байхад илүү тохиромжтой. Энэ нь танд сэтгэлийн таатай байдал, амар амгаланг бэлэглэнэ.
Улаан өнгө
Танд юу мэдрүүлэх вэ?: Улаан бол хүч, хүсэл тэмүүлэл, энергийн өнгө юм. Энэ нь танд эрч хүч өгч, урам зоригийг сэргээнэ.
Юунд ашиглах вэ?: Хэрэв та ямар нэгэн ажлыг дуусгах шаардлагатай байгаа бол энэ өнгө танд тус болно. Мөн улаан өнгө нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Тиймээс ажлын өрөөндөө улаан өнгийн эд зүйл авч тавиарай. Таны ажил хийх хүсэл бадарч, залхуурлаас салж чадна.
Шар өнгө
Танд юу мэдрүүлэх вэ?: Шар нь сэтгэлийн хөөрөл, эерэг, хөгжилтэй байдлыг өдөөдөг. Айдас, сэтгэл зовнил зэргийг үргээнэ.
Юунд ашиглах вэ?: Ихэнх нисэх онгоцны буудал, замын тэмдгүүд нь тод шар дэвсгэр дээр хар текст бичигдсэн байдаг. Учир нь шар өнгө шууд анхаарлыг татаж, таныг мэдээлэлд төвлөрүүлдэг. Тиймээс танилцуулга хийх эсвэл яаралтай мессеж дамжуулах шаардлагатай үед энэ өнгө төгс тохирно.
Ягаан өнгө
Танд юу мэдрүүлэх вэ?: Ягаан өнгө нь романтик, дулаан, эмэгтэйлэг байдлыг илэрхийлдэг. Энэ нь хүмүүжүүлэх, халамжлах зан үйлтэй шууд холбоотой байдаг тул хүүхдийн болон эмэгтэйчүүдийн бүтээгдэхүүн дээр ихэвчлэн хэрэглэдэг.
Юунд ашиглах вэ?: Ягаан өнгө нь эмэгтэйчүүдийг эрэгтэй хүний нүдэнд илүү сэтгэл татам болгож харагдуулна. Ягаан өнгийн хувцас, ягаан хумс, ягаан чимэглэл, ягаан тавилга, эд хогшил гээд ягаан өнгөөр будагдсан бүхэн дулаахан мэдрэмж төрүүлж, аз жаргалын дааврыг ялгаруулна. Тиймээс үйлчилгээний газрууд тус өнгөөр тоглож, хүмүүсийг татах нь бий.