
Доктор Шигэаки Хиноксара бол Японд урт насалсан хүмүүсийн нэг юм. Тэр өөрөө гайхалтай идэвхтэй хөгшрөлтийн үлгэр жишээ болсон нэгэн байсан бөгөөд: 75 нас хүрэхдээ тэрээр аль хэдийн 150 ном бичиж хэвлүүлсэн байжээ. (хамгийн алдартай нь “Урт насал, удаан сайхан амьдар” ном нь 1.2 сая хувь борлогдсон), 100 нас хүрсний дараа ч тэрээр хүмүүсийг эмчилж, лекц уншсаар байв. Хинохара зөвхөн эмч гэдгээрээ алдартай төдийгүй 90 настайдаа өөрийн нэгэн мөрөөдлөө биелүүлж, найрал хөгжмийн удирдаачаар зогсож байсныг хүмүүс мэддэг. Мөн тэрээр өвчтөнүүддээ зориулж эмнэлэгт хөгжмийн үдэшлэг үохион байгуулдаг байв. Шигеаки Хинохара урт наслахын тулд өөрийн гэсэн дүрмийг гаргажээ. Тэдний зарим нь маш энгийн зүйл юм. Энэ бол доктор Хинохарагийн урт наслах дүрэм:
1. Хүн эрч хүчээ хоол унднаас биш, зугаа цэнгэлээс авдаг. Хүүхэд ахуйдаа хөгжилтэй л байх юм бол хоол идэхээ хүртэл мартаад, унтах шаардлагагүй байсныг санаж байна уу? Насанд хүрэгчид ч гэсэн ижил зүйл байдаг. Хэт хатуу хооллолт, унтах хуваарийн дагуу бие махбодоо ядрааж болохгүй.
2. Ямар ч арьсны өнгө, үндэстэн, хүйсийн хүмүүс урт наслах боломжтой. Тэдэнд нэг л нийтлэг зүйл бий: урт настнуудын дунд нэг ч тарган хүн байдаггүй. Жишээлбэл, өглөөний цайндаа би кофе эсвэл сүү, жүржийн шүүсийг халбага чидун жимсний тостой хамт уудаг (артерийн судас, арьсанд сайн). Үдийн хоол бол сүү, жигнэмэг‚ эсвэл хэтэрхий завгүй бол юу ч иддэггүй. Ажил хийж байх үед өлсөх мэдрэмж огт мэдрэгддэггүй. Миний оройн хоол бол хүнсний ногоо, загас, будаа юм. Долоо хоногт хоёр удаа 100 грамм өөх багатай мах иддэг.
3. Үргэлж алсын төлөвлөгөөтэй бай. Миний өдрийн тэмдэглэл ихэвчлэн дараа жилийн эцэс хүртэл дүүрэн байдаг – өвчтөнийг хүлээн авч үзлэг хийх, лекц унших, эмнэлэгт ажиллахаар бүртгэдэг. Харин 2016 онд би хөгжилтэй байхаар төлөвлөж, Токиогийн олимпод очсон!
4. Тэтгэвэрт гарах нь тийм ч чухал зүйл биш юм. Гэхдээ үүнээс зайлсхийх боломжгүй бол аль болох хожуу хийхийг хичээ. Өдгөө Японд тэтгэврийн нас 65 байдаг ч хагас зуун жилийн өмнө тус улсын дундаж наслалт 68, нийт Японд ердөө 125 хүн амьдарч байх үед тэтгэвэрт гарах энэ насыг нэвтрүүлсэн байдаг. Өнөөдөр Япон эмэгтэйчүүд дунджаар 86 хүртэл, эрэгтэйчүүд 80 хүртэл насалдаг бол, зуугаас дээш настай хүн 36 мянга хүртэл амьдардаг!
5. Өөрийн мэдлэгээ хуваалц. Сургуулийн өмнөх насны хүүхдүүдээс эхлээд бизнес эрхлэгчдэд хүртэл би жилд 150 лекц уншдаг. Миний лекц нэг цагаас нэг цаг хагас хүртэл үргэлжилдэг бөгөөд би босоогоороо уншдаг.
6. Эмч танд шинжилгээ өгөх юм уу мэс засал хийлгэхийг зөвлөсөн тохиолдолд түүнээс асуугаарай: та хүүхэд, эхнэр эсвэл бусад хайртай хамаатан садандаа ч надад өгч байгаа шиг адил зөвлөгөө өгөх үү? гэж. Эмч нар бидэнд юу ч хэлсэн бүх зүйлийг эмчилж чадахгүй. Яагаад шаардлагагүй зовлон зүдгүүрийг тэвчих хэрэгтэй гэж? Заримдаа хөгжим илүү туслах үе байдаг ба эсвэл жор мэдэхгүй ламаас зовлон мэдэх чавганц илүү байх нь бий.
7. Эрүүл байхын тулд шатаар өгсөж, өөрийнхөө юмыг авч яв. Булчингуудаа ажиллуулахын тулд би нэг дор хоёр шат алгасан алхдаг.
8. Роберт Браунингийн “Аббат Фоглер” шүлгээс их урам авсан. Аав маань багадаа надад уншиж өгдөг байсан. Урлагт ч, амьдралдаа ч өөртөө том зорилго тавих хэрэгтэй гэж хэлсэн. Хэрэв та амьдралын тойрог зурах гэж байгаа бол энэ нь маш том байх ёстой бөгөөд та үүнийг амьдралынхаа туршид дуусгаж чадахгүй. Бид энэ тойргийн зөвхөн нэг хэсгийг л харж чадна, үлдсэн хэсэг нь бидний алсын хараа, амьдралаас гадуур байх.
9. Өвдөлт нь хүний сэтгэхүйтэй холбоотой нууцлаг зүйл юм; Үүнийг шийдвэрлэх хамгийн сайн арга бол өөр маш сонирхолтой зүйлийг олох явдал юм. Хүүхэд шүд өвдөхөд түүнийг тоглоомд анхаарлыг нь хандуулах нь зүйтэй бөгөөд тэд тэр даруй өвдөлтөө мартдаг. Үүнийг эмнэлгүүд анхаарч үзэх хэрэгтэй. Бид Гэгээн Лукийн эмнэлэгтээ маш их хөгжилтэй байдаг: хөгжим, амьтан, урлагийн эмчилгээ. Энэ бүхэн маш их тусалдаг.
10. Аль болох их материаллаг зүйлсийг хуримтлуулах гэж бүү оролд. Санаж байгаарай: түүний цаг хэзээ ирэхийг хэн ч мэдэхгүй. Та бүгдийг нь авч явах боломжгүй.
11. Эмнэлэг том гамшигт бэлэн байж, хаалга тогшсон хүн бүрийг хүлээн авах ёстой. Манай эмнэлэг нь шаардлагатай бол та подвалд, коридорт, сүм хийдэд хаана ч ажиллах боломжтой байхаар хийгдсэн. Ихэнх хүмүүс намайг гамшигт бэлтгэж галзуурсан гэж боддог байсан ч 1995 оны 3-р сарын 20-нд Аум Шинрикё шашны бүлэглэл Токиогийн метронд террорист халдлага үйлдэхэд энэ бүхэн их хэрэг болсон. Гэхдээ миний зөв байсандаа баярлахгүй байна. Бид 740 хохирогчийг хүлээн авч хоёр цагийн дотор хордуулсан хий нь зарин хий болохыг тогтоосон. Харамсалтай нь бид нэг өвчтөнгөөс бусад 739-ийг аварч чадсан.
12. Зөвхөн шинжлэх ухаан хүнд тусалж чадахгүй. Шинжлэх ухаан биднийг бүгдийг нэг шүүлтүүрээр шүүдэг ч бид бүгд өөр, өвчин эмгэг нь бидний сүнстэй нягт холбоотой байдаг. Өвчин эмгэгийг ойлгож, хүнд туслахын тулд танд зөвхөн шинжлэх ухаан төдийгүй урлаг хэрэгтэй.
13. Амьдрал гэнэтийн зүйлээр дүүрэн байдаг. 1970 оны гуравдугаар сарын 31-нд би 59 настай байхдаа Токиогоос Фүкүока руу ниссэн. Улаан армийн коммунист үүрийн гишүүд онгоцыг барьцаалсан өглөө байлаа. Би дараагийн 4 хоногийг 40 хэмийн халуунд сандал дээр гавтай өнгөрөөсөн. Эмч хүний хувьд би өөрийгөө хажуунаас ажиглаж, бие нь хямралд хэрхэн дасан зохицож байгааг гайхдаг байсан.
14. Өөрийгөө үлгэр дууриал болгон, түүнээсээ ч давахыг хичээ. Аав маань 1900 онд Хойд Каролинагийн Дьюкийн их сургуульд суралцахаар АНУ руу явсан. Тэр бол анхдагч, миний баатруудын нэг байсан. Дараа нь би бодсон; Хэцүү байдалд орсон үедээ тэд миний оронд юу хийхийг төсөөлөхийг хичээдэг болсон.
15. Урт наслах нь гайхалтай. Бид 60 нас хүртлээ гэр бүлийнхээ сайн сайхны төлөө ажиллаж, зорилгодоо хүрэхэд хялбар байдаг байлаа. Харин дараа нь би нийт нийгмийн сайн сайхны төлөө хичээх ёстой. Би 65 настайгаасаа хойш долоо хоногийн долоон өдөр, өдөрт 18 цаг үнэгүй ажиллаж байна. Мөн би минут тутамд таашаал авдаг.
Токио дахь Гэгээн Лукийн эмнэлгийн ерөнхийлөгч, доктор Шигеаки Хинохара 2017 оны 7-р сарын 18-нд таалал төгсөв. Бараг нас барах хүртлээ тэр өвчтөнүүдийг үргэлжлүүлэн үзсээр байв. Тэр 105 настай байсан.