
Хивс нь айл гэрийг илүү тухтай, дулаахан уур амьсгалтай болгодог. Гэхдээ энэ нь амархан бохирдож, биднийг асуудалд оруулах нь бий. Ихэнх бүсгүйчүүд маань хивсээ угааж цэвэрлэхээс халширч, мөнгө төлж цэвэрлүүлдэг. Тэгвэл одооноос та зовж зүдрэлгүй, нэмээд мөнгөө үрэлгүй хивсээ угааж цэвэрлэж, шинэ мэт болгож чадахаар боллоо. Ингээд хамтдаа хивсээ цэвэрлэх аргатай танилцъя.

Та бүхэндээ хивс цэвэрлэх 3 өөр төрлийн аргыг зааж өгье. Эдгээрээс өөрт таалагдсан, илүү хялбар гэж бодсоноо хэрэгжүүлээрэй.
Давс болон хүнсний сода
Энэ нь хивсэн дээрх тосны толбыг арилгаж, өнгөц тогтсон бохирдлыг үгүй хийхэд тусална. Ижил хэмжээтэй давс болон хүнсний содыг хольж бэлтгэнэ. Үүнийгээ хивсэн дээрээ цацаж тараана. 20 минутын дараа вакум цэвэрлэгчээр соруулж аваарай. Энэ арга нь хивсэн дээр тогтсон хир буртаг, тоосыг маш сайн соруулж авах төдийгүй толбо арилгах гэхээс илүүтэй тоосыг соруулах нэгэн төрлийн сайн арга юм.

Цагаан цуу
1 литр усанд 20 мл цагаан цуу хийж хутгаарай. Үүндээ алчуураа норгож, толботой хэсгийг үрж угаагаарай. 20 минут орхиж, дараа нь хуурай алчуураар арчих хэрэгтэй. Дараа нь вакум цэвэрлэгчээр соруулна.

Хар цай
Хар бараан өнгийн хивсийг цэвэрлэхдээ хар цайг ашиглаарай. Хандалсан цайгаа хивснийхээ толботой хэсэгт цацаарай. Тэгээд хивсээ гүйцэт хаттал нь хүлээнэ. Үүний дараа мөн л вакум цэвэрлэгчээр соруулахад хангалттай юм.