
Бидний арьсанд үргэлж л төрөл бүрийн асуудал гарч, толгойны өвчин болдог. Энэ бүхнийг шийдвэрлэхийн тулд үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх, салон дээр очихоос өөр аргагүйд хүрдэг билээ. Тэгвэл мөнгө үрэлгүйгээр бас арьсаа гэмтээж, ямар нэгэн эрдсэл хүлээлгүйгээр арьсны асуудлаа шийдэх боломжтой. Өнөөдөр та бүхэндээ арьсны төрөл бүрийн асуудал шийдэх маскыг гэртээ бэлтгэх аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ.
Тослог арьсанд зориулсан маск
Авокадо болон өндөгтэй маск

Арьсны тослогийн хэмжээг тэнцвэржүүлж, хэт тослогтох, батгашихаас сэргийлнэ, тус төрлийн асуудлыг шийдвэрлэнэ.
Хэрэг болох зүйлс:
- Авокадо – тал
- Нимбэгний шүүс
- Өндөг – 1 ширхэг
Авокадогоо сэрээгээр нухаж бэлтгэнэ. Үүн дээрээ өндөг болон нимбэгний шүүсээ хийж зуурмаг бэлтгэнэ. Нүүрээ угааж бэлтгээд, маскаа жигд түрхэх бөгөөд нүдэндээ оруулахаас болгоомжлоорой. Маскаа хатмагц нь угааж арилгана.
Авокадо болон тарагтай маск

Арьсыг цайруулж, хөнгөн нөсөө толбыг бүдгэрүүлнэ.
Хэрэг болох зүйлс:
- Авокадо – дөрөв хуваасны нэг
- Тараг – 2 халбага
Авокадог хальсалж, хувааж бэлтгээрэй. Үүнийгээ сэрээгээр нухаж, дээр нь тарагаа хийж хутгаарай. Бэлтгэсэн зуурмагаа угаасан нүүрэндээ түрхэж, хатахаар нь бүлээн усаар угааж арилгана.
Хуурай арьсанд зориулсан маск
Авокадо, тараг, оливын тостой маск
Тараг нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэх ба бүдэг үрчлээсийг арилгаж, арьсанд чийгшил өгнө.
Хэрэг болох зүйлс:
- Авокадо – тал
- Тараг – 1 халбага
- Оливын тос – тал амны халбага
Авокадог нухаж бэлтгээд, дээр нь үлдсэн орцуудаа хийж зуурмаг бэлтгээрэй. Угааж цэвэрлэсэн нүүрэндээ маскаа түрхэж, хатахаар нь чийгтэй алчуураар арчиж арилгана.
Гадил, тараг, зөгийн балтай маск
Арьсанд чийгшлийг хангалттай өгч, үрчлээсээс сэргийлнэ.
Хэрэг болох зүйлс:
- Гадил – тал
- Тараг – 2 халбага
- Зөгийн бал – тал халбага
Гадилаа сэрээгээр нухаж, дээр нь тараг болон зөгийн балаа хийж хутгаарай. Зуурмагаа нүүрэндээ түрхэж, 20 минутын дараа угааж арилгана.
Батганы эсрэг маск
Зөгийн бал болон шанцайтай маск
Шанцай нь цусны эргэлтийг сайжруулж, батгыг эмчилнэ. Зөгийн бал нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.
Хэрэг болох зүйлс:
- Шанцай – 1 халбага
- Зөгийн бал – 2 халбага
Шанцай болон зөгийн балаа хольж бэлтгэнэ. Үүнийгээ угааж цэвэрлэсэн нүүрэндээ түрхэж, 15 минутын дараа угаана.
Турмериктэй маск
Батгатай тэмцэж, арьсны үрэвслийг намдаах төдийгүй нөсөө толбыг арилгана.
Хэрэг болох зүйлс:
- Турмерик – 2 халбага
- Тараг – 1 халбага
- Зөгийн бал – тал халбага
Орцуудаа хольж бэлтгэнэ. Үүнийгээ нүүрэндээ түрхэж, 20 минутын дараа угааж арилгаарай. Хэрэв та арьсаа цайруулахыг хүсч байгаа бол багахан нимбэгний шүүсийг маскандаа нэмээд хийж болох юм.
Овъёос болон кокосын тос
Овъёос нь гэмтэлтэй арьсыг тайвшруулж, эмчлэх үйлчилгээтэй. Мөн хангалттай хэмжээний чийгшил өгнө.
Хэрэг болох зүйлс:
- Овъёос – 3 халбага
- Ус – 50 мл
- Кокосын тос – 1 халбага
Овъёосоо усандаа хийж дэвтээнэ. Дээр нь кокосын тосоо хийж хутгаарай. Маскаа нүүрэндээ түрхэж, 15 минутын дараа угаана. Үүнийг гарандаа ч мөн хэрэглэж болно. Гарын арьсыг чийгшүүлж, зөөлөн болгоно.